Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2020-05-13

ҮЛДЭГДЭЛ, ХАЯГДАЛ ИХТЭЙ ХИЙГЭЭД БАГАТАЙ ТЕХНОЛОГИ

Тогтвортой хөгжил

Үлдэгдэл, хаягдалгүй амьдралын хэв маяг бол Монголчуудын бүтээсэн соёлын чухал өвүүдийн нэг юм.

Д.МӨНХЖАРГАЛ

Тогтвортой хөгжлийн боловсролын 5 суурь зарчим

Дэлхий дахиныг тогтвортой хөгжлийг хөтөлөхүйц 5 суурь зарчмыг дэвшүүлж буйгаа тайлбарлая. Эдгээр нь нэг тодорхой нэг салбарын хөгжлийн асуудлыг салангид авч үздэг нэг хэмжээст хандлага бус /One dimensional/ харин тэдгээрийг интеграцчилсан байдлаар, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, аж үйлдвэр гээд бүхий л салбарт нийтлэг байх домайныг олон хэмжээст хандлагын /Multi dimensional/ үүднээс авч үзсэн зарчмууд юм. 

ҮЛДЭГДЭЛ, ХАЯГДАЛ ИХТЭЙ ХИЙГЭЭД БАГАТАЙ ТЕХНОЛОГИ

Өнөөдөр дэлхий нийтээрээ илүүдэл нь үлдэгдэл болдог, үлдэгдэл нь хаягдал болдог, хаягдал нь хог болдог, хог нь хор хөнөөлд хөтөлдөг хэрэглээний нийтлэг соёлыг бүтээн цогцлоожээ. Азийн үндэсний бүтээмжийн байгууллагын судалгаагаар үйлдвэрлэлийн алдагдлын хувь ихсэж байгаа болон түүхий эд материалын багагүй хувь нь үлдэгдэл улмаар хаягдал болдог гэдгийг судлан тогтоосон байна. Дэлхий нийтээр хог хаягдалтай тэмцэх, дахин боловсруулах асуудлыг ярьсаар шийдсээр байгаа хэдий ч хог хаягдал нь улам ихэссээр байна. Бидний сэтгэлгээнд байдаг үлдэгдэл гэсэн ойлголтыг өөрчлөхгүйгээр хог хаягдлын асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй. Харин шинжлэх ухаан технологи хөгжсөн орчин үед үлдэгдэл багатай технологийн талаар судлах, зарчим болгон дэвшүүлэх боломж бүрдсэн. Энэхүү үлдэгдэл, хаягдал ихтэй байдал нь байгаль орчинд сөрөг нөлөө, хор хохирол учирч энэ нь хэрээсээ хэтэрч байгааг Б.Жадамбаа тэргүүтэй тогтвортой хөгжлийн боловсролын судлаачид "өөрийнхөө мөн чанар хийгээд үндсэн тэтгэн дэмжигч төрхөм болох байгаль орчиндоо дэм өгөх бус гай тарин уурыг нь хүргэж урмыг нь хугалж тогтворшилгүй байдалд хүргэж буй" хэмээн дүгнэн бичжээ.

Байгаль дэлхийгээ шүтэн дээдэлж, түүнтэй зохицон амьдарч ирсэн Монголчуудын уламжлалт сэтгэлгээний баримт бол Цорж лам Агваандоржийн сургаал юм. Тэрбээр "Цөвүүн цагийн бид мунхаг битүү балмадын эрхээр, хиншүү хярвас шатаасан, бузар буртаг тавьсан, хорхой, араатан, гөрөөсийг хорлосон, газар ус хөндсөн, мод огтолсон, чулуу ховхолсон, улай гаргасан, хэрэлдэн шуугилдсан, онгон газарт буудал зассан, орны тэнгэр, дэлхийн эздийг эс хайхарсан, ач тус мэдэж цаг цагт эс тайсан, цог жавхлан бадруулахуй ба газрын шим арвидахын аргад эс хичээсэн тэргүүтэн дэлхийн эздийн таалалд харшсан бүхнээ дуудан наминчилмуй" хэмээсэн нь хүн төрөлхтөн мунхаглан, байгаль дэлхийгээ хайрлалгүй бузарласнаар хөгжил тогтворшилгүй болно,  энэхүү тогтворшилгүй цаг үеийг цөвүүн цаг гэж нэрийджээ.

Ийнхүү үлдэгдэл багатай, үлдэгдэл багаас хог хаягдалгүй, хог хаягдалгүйгээс байгаль дэлхийтэйгээ эвсэн амьдарч ирсэн нүүдэлчдийн соёл өнөөдөр үнэ цэнээ алдаагүй байна. Үлдэгдэл, хаягдалгүй амьдралын хэв маяг бол /Zero-waste life style/ Монголчуудын бүтээсэн соёлын чухал өвүүдийн нэг юм. Өнөөдөр дундаж Америк иргэн өдөрт 2-3 кг хог гаргадаг гэсэн статистик байна. АНУ-ын нэгэн сургуулийн сурагч 100 гаруй подвалктай бөгөөд түүнийхээ 10 гаруйг алга болсон ч огт тоодоггүй нэгэн байсан. Өөрт үнэхээр чухал хэрэгцээтэй зүйлээ хэрэглэж ирсэн уламжлал орхигдож материалын илүүдлийн зовлонд унаад байна. Өнөөдөр манай дэлхийн хүн амыг тэжээн тэтгэхэд 1,5 дэлхий хэрэгтэй гэж эрдэмтэд тооцож байна. Тэгвэл бид энэ илүүдэл, үлдэгдэлийг шийдэж чадах юм бол 1,5 гэсэн энэ тоог 0,5 –д ч хүргэх бололцоо байгаа юм.

Энд Япончуудын жишээг татахаас өөр аргаүй. Тогтвортой хөгжлийн үлгэр авахуйц олон жишээ Японд бий. Гэхдээ тэдний хэтэрхий ёсорхуу байдал нь сав баглаа боодлын Япон соёлыг бий болгож тэрхүү соёл нь илүүдэлд хөтөлдөг ажээ. Ганц дурсгалын зүйлийг 4-5 давхар баглаж боодог нь жижиг зүйл мэт санагдавч тогтворгүй байдал үүсгэх нөхцөл болохуйц жишээ юм. Монголчууд богц сав хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь хэдэн үеээрээ хэрэглэх сав болж ирсэн, богцондоо хийх зүйлээ даавуунд боогоод хийдэг уламжлалтай байсан.

Хог хаягдлын бас нэг шалтгаан бол хэтэрхий хурдацтай сайжруулан үйлдвэрлэх процесс юм. Машин тэрэг, компьютер, гар утасны сайжирсан хувилбарууд гарах хурд нь хог хаягдлыг маш хурдтай нэмэгдүүлж байна. Дараах үедээ шилжүүлэн хэрэглэдэг байсан эд зүйлс эдүгээ шууд л илүүдэл хаягдал болоод байна. Харин нүүдэлч Монголчуудын хог хаягдлын дийлэнх нь байгальд шингэн уусдаг хаягдал байсан, байгальд уусан шингэдэггүй хог хаягдал тун ч өчүүхэн хувийг эзэлж байсан. Монголчуудын дунд эртнээс “Ганц морьт уралдаач, ганц дээлт барилдаач” гэсэн нэг хүнд нэг л юм гэсэн зарчим үйлчилж байсныг гэрчлэх, улмаар тэрхүү ганц зүйлээ ариг гамтай эдэлж хэрэглэхийг сануулсан сургаал одоо ч амьдрал ахуйдаа хэрэглэсээр буй.

Аливаа зүйлсийн хоорондын зөрчилдөөн, тэмцлийн дундаас хөгжилд тэмүүлдэг сэтгэлгээ, ахуй амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг сэтгэлгээний хийгээд соёлын нүсэр бүтэц, тогтолцоо, байгалийн нөөц баялаг ашиглах үрэлгэн горим, хаягдал, үлдэгдэл ихтэй технологи, цомхон бус дизайны шийдлүүд нь тогтворгүй байдлын голлох шалтгаан болж буй. Иймээс Монголчуудын байгаль дэлхийтэйгээ эвсэн амьдарч ирсэн уламжлалт сэтгэлгээг эш үндэс болгон хүний сайн сайхан амьдралын тулгуур болох а/ амьд явах, б/ оршин буй газартаа эзэн байх, 3/ өмч хөрөнгийн эх үүсгэвэр өвлөх гэсэн гурван эрхэд суурилсан, 1) харилцан дэмжихүйн философи үзэл баримтлах, 2) соёл, сэтгэлгээний авсаар бүтцэд шилжих, 3) нөөц баялаг ашиглах хэмнэлттэй горим нэвтрүүлэх, 4) үлдэгдэл, хаягдал багатай технологи бий болгох, 5) цомхон дизайны шийдлүүдийг хөхүүлэн дэмжих гэсэн гарын таван хуруунд багтах тогтвортой хөгжлийн боловсролын үндсэн зарчмуудыг санал болгон дэвшүүлж байна.  

/Нүүдэлч малчдын Үлдэгдэл хаягдалгүй амьдарч ирсэн уг хөрснөөс энэхүү нийтлэлийнхээ санааг олдог/ 2019 оны 7-р сар. Архангай. Эрдэнэмандал сум.

Доктор, профессор Д.МӨНХЖАРГАЛ нь 1967 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 1988 онд УБДС-ийг төгсөөд Эрдэнэмандал сумын сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1989-1996 онд УБДС-д багш, 1996-2000 онд Гэгээрлийн яамны хэлтэс,  газрын даргаар ажилласан. 1996 онд Японы Айчигийн Боловсролын их сургуульд магистр, 2006 онд АНУ-д докторын зэрэг хамгаалсан. 2007-2012 онд ОССК-д дэд захирал, газрын захирал,  2012-2014 онд МУБИС-ийн проректор, 2014-2017 онд ректорын ажлыг гүйцэтгэсэн. 2018 оноос АНУ-ын Брүүкингс хүрээлэнгийн Бүх нийтийн үнэлгээ төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Архангай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн даргаар 14 дэх жилдээ ажиллаж байна. “Зая Түлкү” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга.

928   3
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох