СЭТГЭЛГЭЭНИЙ НҮСЭР ХИЙГЭЭД АВСААР БҮТЭЦ
Тогтвортой хөгжил
"Нэг хүнд нэг л юм" гэсэн зарчим үйлчилж байжээ.
Д.МӨНХЖАРГАЛ
Дэлхий дахиныг тогтвортой хөгжлийг хөтөлөхүйц 5 суурь зарчмыг дэвшүүлж буйгаа тайлбарлая. Эдгээр нь нэг тодорхой нэг салбарын хөгжлийн асуудлыг салангид авч үздэг нэг хэмжээст хандлага бус /One dimensional/ харин тэдгээрийг интеграцчилсан байдлаар, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, аж үйлдвэр гээд бүхий л салбарт нийтлэг байх домайныг олон хэмжээст хандлагын /Multi dimensional/ үүднээс авч үзсэн зарчмууд юм.
СЭТГЭЛГЭЭНИЙ НҮСЭР ХИЙГЭЭД АВСААР БҮТЭЦ
Равжаагийн хэлсэн "Буг ч сэтгэлээс гарна. Бурхан ч сэтгэлээс гарна" гэсэн алдарт үг байдаг. Бидний бүтээсэн нийгэм, материаллаг орчин бүгд л хүний сэтгэлээс үүдэлтэй. Хүний сэтгэлээс үүдсэн бүхэн бидний амьдралыг тодорхойлж байна. Засаг захиргааны данхар бүтцээс эхлээд хэт үрэлгэн зардал төсвөөр дамжаад хоол хүнсний соёл хүртэл бид хэтэрхий нүсэр данхар бүтцийг сэтгэлдээ буй болгоод түүнийгээ бодитой биетэй болгон түүгээрээ өөрийгөө хүрээлүүлж чадсан.
Нийтийн хоолны соёлын ганц жишээ татъя. Дэлхий дахинаа түгсэн энэ соёлоор бол нэг хүн хоол идэхдээ 20 гаруй төрлийн халбага, 20 гаруй төрлийн сэрээ, мөн тийм хэмжээний хутга, түүнээс ч цөөнгүй таваг хэрэглэх болж байна. Дэлхийн бүх хүн ийм хэрэглээтэй болох аваас энэ их төмрийн хүдрийг хаанаас яаж олох вэ? хаанаас ухаж зөөх вэ? олдохгүй бол дээрэм тонуул хийх үү? энэ олон хэрэгслийг угааж цэвэрлэх усаа хаанаас олох вэ? гээд асуудлууд ар араасаа хөвөрч, зөвхөн энэ жишээ гэхэд л тогтвортой хөгжлийн зарчимтайгаа зөрчилдөөд байгаа юм. Иймэрхүү зөрчлүүд нь тогтвортой хөгжлийг урагшлуулдаггүй хүчин зүйлийн нэг байж ч мэдэхээр. Хонконгд хүлээн авалт хийхэд 10-20 төрлийн хоолоор үйлчилдэг, хоол өгөх бүрд 10-20 таваг сольж тавьдаг соёлыг та бид мэднэ. Зөвхөн 100 хүнтэй хүлээн авалт хийхэд 1000-2000 таваг угаах ус шаардлагатай болж байна. Иймэрхүү байдлаар хүн төрөлхтөн данхар үрэлгэн бүтэц зохиомжилдог сэтгэлгээний соёлд хэтэрхий нэрвэгджээ. Монголчуудын дийлэнхи нь дэлхий нийтээ дагаад ийм сэтгэлгээтэй болсон. Үүнийгээ бид орчин үеийн соёл, соёлтой байдал, соёлтой хүн хэмээн нэрийдэж иржээ.
Харин уламжлалт сэтгэлгээ рүү өнгийх аваас арай өөр төрх харагдана. Монголчуудын уламжлалт хоолны соёлоос жишээ татвал, нүүдэлч монголчууд хутга, савх, аяга гээд хоолны хэрэгслээ биедээ авч явдаг соёлтой байсан. Айлд орохдоо өөрийн аягандаа, өөрийн хутгаар, өөрийн савхаар хоолоо иддэг байсан. "Нэг хүнд нэг л юм" гэсэн зарчим үйлчилж байжээ. Энэ бол бидний уламжлалт сэтгэлгээнд авсаар бүтэц зохиомжлох өгөгдөл байсны гэрч. Иймд бид тогтвортой хөгжлийн тулгуур зарчимд сэтгэлгээний өөрчлөлтийг зарчим болгон оруулмаар байгаа юм. Энд хуучин дэвшилтэт бус зүйл рүү эргэж хөрвөхийн тухай яриагүй. Гагцхүү тогтвортой хөгжилд хөтлөхүйц тулгуур зарчимуудаа зөв тогтоох тухай тайлбарлаж буй хэрэг.
Францын аялагч Гюкийн тэмдэглэлд “Сайн Монгол хүн бол шашны гүнзгий мэдрэмжтэй байдаг. Тэд өөр ертөнцийн тухай тасралтгүй бодож, энэ дэлхийн юмст тун бага ач холбогдол өгдөг. Тэд газар дэлхий дээр амьдрахгүй байгаа мэт амьдардаг. Тэд хөрс хагалж, байшин барьдаггүй” гэсэн нь нүүдэлчдийн цомхон амьдралын хэв маягийг дүрсэлсэн хэрэг юм. Түүнчлэн “Энгийн цэрэг их хааны хүү аль аль нь ялгаагүй ер бусын эгэл борог, хямд төсөр амьдардаг” хэмээжэхүй. Гэтэл өнөөдөр энэ ялгаа улам ихсэж Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс гэхэд л тэс өөр хоёр ертөнцөд хуваагдаад байгаа билээ. Үүнээс үзвэл Монголчууд эртнээс нааш илүү дутуугүй, хямд төсөр цомхон амьдралын хэв маягийг бий болгон даган мөрдөж иржээ.
Физикч эрдэмтэн Х.Намсрай “Байгаль ертөнцийн ийм зохион байгуулалтын үндсийн үндэс бол энгийн буюу үзэсгэлэн төгөлдөр байх, арвич хямгач байх, тэгш хэмт байх зарчим юм...Энгийн байх нь материйн бааз суурь авсаархан, төгс төгөлдөр, үндсэн буюу язгуур махбодь нь харьцангуйгаар энгийн бүтэцтэй, хялбархан шинж төрхтэй байх буюу материйн бүтцийн бааз, уг сурвалж хялбархнаас эхлэх чанар юм....Арвич, хямгач байх нь материйн өөрийн мөнх байхын үндэс, түүний хөдөлгөөн зогсолтгүй, хязгааргүй үргэлжлэхийн баталгаа буюу материйн хадгалагдах чанар юм.” хэмээсэнчлэн Монголчуудын “Цөөнөөс цөөн гарз, олноос олон гарз” гэсэн сургаалын үндсэн санааг буюу “Нэг хүнд нэг л юм” гэсэн зарчимыг тогтвортой хөгжлийн тулгуур зарчимуудын нэг болгон дэвшүүлж буй.
Аливаа зүйлсийн хоорондын зөрчилдөөн, тэмцлийн дундаас хөгжилд тэмүүлдэг сэтгэлгээ, ахуй амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг сэтгэлгээний хийгээд соёлын нүсэр бүтэц, тогтолцоо, байгалийн нөөц баялаг ашиглах үрэлгэн горим, хаягдал, үлдэгдэл ихтэй технологи, цомхон бус дизайны шийдлүүд нь тогтворгүй байдлын голлох шалтгаан болж буй. Иймээс Монголчуудын байгаль дэлхийтэйгээ эвсэн амьдарч ирсэн уламжлалт сэтгэлгээг эш үндэс болгон хүний сайн сайхан амьдралын тулгуур болох а/ амьд явах, б/ оршин буй газартаа эзэн байх, 3/ өмч хөрөнгийн эх үүсгэвэр өвлөх гэсэн гурван эрхэд суурилсан, 1) харилцан дэмжихүйн философи үзэл баримтлах, 2) соёл, сэтгэлгээний авсаар бүтцэд шилжих, 3) нөөц баялаг ашиглах хэмнэлттэй горим нэвтрүүлэх, 4) үлдэгдэл, хаягдал багатай технологи бий болгох, 5) цомхон дизайны шийдлүүдийг хөхүүлэн дэмжих гэсэн гарын таван хуруунд багтах тогтвортой хөгжлийн боловсролын үндсэн зарчмуудыг санал болгон дэвшүүлж байна.
/Унгарын Үндэсний Их сургуулийн номын санд. Монгол бичгээр бичигдсэн уламжлалт сэтгэлгээний тухай материалтай танилцаж байгаа нь. 2017 оны 1-р сар/
Доктор, профессор Д.МӨНХЖАРГАЛ нь 1967 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. 1988 онд УБДС-ийг төгсөөд Эрдэнэмандал сумын сургуулиас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1989-1996 онд УБДС-д багш, 1996-2000 онд Гэгээрлийн яамны хэлтэс, газрын даргаар ажилласан. 1996 онд Японы Айчигийн Боловсролын их сургуульд магистр, 2006 онд АНУ-д докторын зэрэг хамгаалсан. 2007-2012 онд ОССК-д дэд захирал, газрын захирал, 2012-2014 онд МУБИС-ийн проректор, 2014-2017 онд ректорын ажлыг гүйцэтгэсэн. 2018 оноос АНУ-ын Брүүкингс хүрээлэнгийн “Бүх нийтийн үнэлгээ” төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Архангай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн даргаар 14 дэх жилдээ ажиллаж байна. “Зая Түлкү” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга.