АУДИТААР 12,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН
2018 онд хичнээн байгууллагад аудит хийж, ямар зөрчлүүд илрүүлсэн бэ?
- Манай байгууллага 2018 онд Монгол улсын Ерөнхий Аудиторт нийлүүлэх бүтээгдэхүүн ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу 247 төсөв захирагчийн санхүүгийн тайланд санхүүгийн аудит, 7 гүйцэтгэлийн, 6 нийцлийн, 1 эрсдлийн аудит хийхээр төлөвлөснөө бүрэн хийсэн.
Аудитаар нийт 12,432.4 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн бөгөөд нийт зөрчлийн 53.7 хувь нь Нягтлан бодох бүртгэл тайлагналтай холбоотой, 31.2 хувь нь хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой, 8.1 нь арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй холбоотой зөрчил эзэлж байна. Үүнээс Нягтлан бодох бүртгэл тайлагналтай холбоотой зөрчил төдийлөн буураагүй бөгөөд нийт зөрчилд эзлэх хувь хэмжээгээр авч үзэхэд өмнөх оноос 3.2 дахин өссөн байна.
Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх санд аудит хийсэн үү?
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад 2014 оноос хойш жил бүр давтамжтай аудит хийж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сангийн хөрөнгийн эх үүсвэр буурч байгаа. 2017 онд Орон нутгийн хөгжлийн санд ОНХНС-ийн орлогын шилжүүлэг 1,107.7 сая төгрөг, өмнөх оны үлдэгдэл 638.2 сая төгрөг /аймгийн 12.3 сая, сумдын 625.9 сая/, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар 94.4 сая төгрөг нийт 1840.3 сая төгрөгийн эх үүсвэр бүрдсэн. 2018 онд ОНХС-ийн хөрөнгөөр аймаг, сумдад нийт 116 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталснаас 82.7 хувь буюу 96 төсөл арга хэмжээ бүрэн хэрэгжиж,17.2 хувь буюу 15 төсөл, арга хэмжээ огт хэрэгжээгүй, 5.2 хувь буюу 5 төсөл арга хэмжээний санхүүжилт дутуу он дамжсан байна. Эдгээрийн зарцуулалтыг шалгахад нийт 221.5 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэн нь өмнөх онтой харьцуулахад 5 дахин буурсан үзүүлэлт харагдаж байгаа. Энэ нь өмнөх аудитаас өгсөн албан шаардлага зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласантай холбоотой гэж үзэж болохоор байна. Тухайлбал: Төсөв арга хэмжээний хэрэгжилтэд захиалагчийн хяналт хийгдээгүй зөрчил 93.4 хувиар, дутуу буюу чанаргүй хийгдсэн, хугацаа хэтэрсэн зөрчил 91.4 хувиар, ХАА-ны журам зөрчсөн зөрчил 82.5 хувиар буурсан. Харин ТЭЗҮ, зураг төсөв нь батлагдаагүй ажлыг ИТХ-аар батлуулдаг зөрчил төдийлөн буурахгүй байна. Иймд сумд ТЭЗҮ, зураг төсөв батлагдсан төсөл арга хэмжээг ИТХ-аар батлуулж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
Бүх сумын худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд оролцогч гишүүд худалдан авах ажиллагаагаар мэргэшээгүй, ашиг сонирхлын зөрчилгүй мэдэгдлийг баталгаажуулаагүй байдаг зөрчил байсаар байна.
Энэ онд 2018 оны ОНХС-ийн хөрөнгийн зарцуулалтыг шалгана. Энэ аудитаар өмнөх аудитын дүнгээс өгсөн шийдвэрүүдийн хэрэгжилтийг илүүтэй хянан үзэх бөгөөд дахин давтан зөрчил гаргасан бол холбогдох албан тушаалтанд Төрийн аудитын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хариуцлагыг тооцоод явна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд аудит хийсэн үү?
- Бид 2018 онд өөрийн төлөвлөгөөгөөр нийт 9 сэдвээр аудит хийсний нэг нь аймгийн ХХААГ-ын ЖДҮДСангийн 2016-2017 оны хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хийсэн аудит юм. 2016-2017 онд Архангай аймагт ЖДҮХС-аас зээл олгогдоогүй харин 2018 онд 10 төсөл шалгарсан ч нэг нь барьцаа хөрөнгө хүрээгүй тул есөн төсөл арга хэмжээнд 410.0 сая төгрөгийн зээл олгосон байна.
Аудитыг гүйцэтгэхдээ төсөл арга хэмжээ бүрийн хэрэгжилтийг нэг бүрчлэн хянасан. Хэрэгжилтийг хянахаас гадна зохицуулж байгаа эрх зүйн актын нийцлийг бас авч үзсэн. Аудитаар 9 төсөл хэрэгжүүлэгчийн 2 нь төсөлд тусгагдсан үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэн харин 6 төсөл нь дутуу хэрэгжүүлсэн, 1 нь огт хэрэгжүүлээгүй байлаа. Шалгарсан төслийг хэрэгжүүлээгүй, зээлийг зориулалт бус зарцуулсан 49.0 сая төгрөгийг ЖДҮХС-д буцаан төвлөрүүлэх саналыг холбогдох газарт хүргүүлсэн.
Зохицуулж байгаа эрхзүйн акт нь ХХААХҮСайдын 2017 оны А-76 дугаар тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам” бөгөөд журамд зааснаар орон нутагт төсөл сонгон шалгаруулах дэд хороо ажиллах ёстой. Дэд хороо түүний бүрэлдэхүүнийг Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батлах ёстой боловч Архангай аймагт энэ дэд хороог байгуулаагүй байна. Журмаар бол 200 сая төгрөг хүртэл зээл хүссэн төсөл арга хэмжээг дэд хороо аймагтаа шалгаруулж түүнээс дээшх төслийг ЖДҮХС-д уламжлах ёстой. Гэтэл ХХААХҮЯ-ны төсөл сонгон шалгаруулах хороо бүх төслийг шалгаруулсан байна. Үүнээс болж тухайн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнг тооцох, хяналт хариуцлагын тогтолцоо алдагдаж, орон нутгийн оролцоо хязгаарлагдсан байна.
Аудитаас өмнөх жилд өгөгдсөн шийдвэрүүдийг хэрхэн хянаж ажилладаг вэ? Дахин шалгах тохиолдол байдаг уу?
-Аудитын дүнд илэрсэн асуудлуудад тохирсон шийдвэрийг гаргаад явдаг. Төрийн Аудитын байгууллагаас гүйцэтгэж байгаа аудитын дүнд шалгагдагч байгууллагын удирдлагаас тодорхой арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх нь тухайн алдаа зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байхад чухал үр нөлөөтэй гэж үзсэн алдаа зөрчлийг арилгуулахаар албан шаардлага өгдөг. Харин орлого бүрдүүлэх, зарцуулах, өмч хөрөнгө бэлтгэх, ашиглах, хадгалах харилцааг зохицуулсан хууль эрх зүйн актууд болон гэрээ, хэлцлийн нөхцөлийг мөрдөөгүйгээс илэрсэн алдаа зөрчилд акт тавьдаг.
2018 онд 12,432.4 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэн бөгөөд сүүлийн 5 жилийн тоон мэдээг харьцуулан харвал 2018 онд илэрсэн алдаа зөрчил нь 2014-2015 онтой харьцуулахад 1.9-1.6 дахин буурсан, 2016-2017 онтой харьцуулахад 1.7-.1.9 дахин өссөн байна. Илэрсэн нийт алдаа зөрчлийн 22 хувийг аудитын явцад залруулж, бусдад нь тохирсон шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг хангууллаа. Аудитаар 87.7 сая төгрөгийн төлбөрийн акт бичигдсэнээс 77.3 сая төгрөгийг барагдуулж, биелэлт 88.1 хувь, 7,744.1 сая төгрөгийн алдаа зөрчилд албан шаардлага хүргүүлж, 6,959.4 сая төгрөгийн зөрчлийг арилгуулсны дотор тухайн санд 659.0 сая төгрөгийгтөвлөрүүлж биелэлт 89.9 хувь,195 зөвлөмж хүргүүлсэний 175 зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж биелэлт 89.7 хувь тус тус байна.
Бид аудитын мөрөөр давтан аудит хийдэг. 2018 онд “Ойжуулалтад төсвөөс олгосон хөрөнгийн зарцуулалт үр дүн, 2016 онд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилт”-д гүйцэтгэлийн давтан аудитыг хийсэн. Аудитын зорилго нь ойжуулалтад зарцуулсан төсвийн хөрөнгийн үр дүн, өмнө хийсэн аудитын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ойжуулалтын үр дүнг нэмэгдүүлэх зөвлөмжийн хэрэгжилтийн байдалд аудит хийж үнэлэх, нэгдсэн дүнг аймгийн ИТХ, Засаг дарга мөн Үндэсний Аудитын газарт танилцуулах, аудитаас бодит үр дүнг бий болгоход чиглэгдсэн.
Аудитыг гүйцэтгэхдээ бодит байдлыг газар дээр нь үнэлж дүгнэх, шалгаж тогтооход мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг татан оролцуулсан. Аудитаар өмнө өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг арилгаагүй давтан гаргасан байсан.
2019 онд хэдэн төрлийн аудит хийхээр төлөвлөсөн бэ?
- Бид 2019 онд хуулийн дагуу 248 улс, орон нутгийн төсөвт байгууллагуудын тайланд санхүүгийн тайлангийн аудит хийх ба 7 гүйцэтгэлийн, 5 нийцлийн аудит хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд: жил бүр давтамжтай хийдэг аудитуудаас гадна энэ жилд “Төрөөс иргэдэд олгож байгаа нийгмийн халамж үйлчилгээний төрөл, зорилго үр дүн”, “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн”, “Төрөөс сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа өнөөгийн байдал, үр дүн”, “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх” зэрэг сэдвүүдээр аудит хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа. ОдооТөрийн аудитын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд,Төсвийн тухай хуулинд заасан цаглабарын дагуу улс, орон төсвийн шууд захирагчдын 2018 оны санхүүгийн тайланд аудит хийгдэж дуусах шатандаа явж байна.