САНСАРТ НИСЭХИЙН ТУЛД НЭРЭЭ СОЛЬСОН
Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ой тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн.
Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Монгол улсын сансрын нисгэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат ажилтан. Майдаржавын ГАНЗОРИГ
1978-1981 оны хооронд Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн хамтаар Зөвлөлт-Монголын хамтарсан Союз-39 сансрын хөлгийн нислэгт эцсийг хүртэл бэлтгэгджээ. М.Ганзориг нь 2011 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан байна.
Майдаржав овогтой Ганзориг нь 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг 1968 онд, Киев хотын Политехникийн дээд сургуулийг 1975 онд дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер мэргэжлээр төгссөн байна. М.Ганзориг 1975-1978 он хүртэл Улаанбаатар хотын нэгдүгээр цахилгаан станцад автоматикийн инженерээр ажиллахдаа үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг хангах үүднээс тэргүүн туршлага, шинэ бүтээл оновчтой саналууд гаргасан нь үр дүнтэй болсон ба үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр бүтээлийн аварга болж байв.
Нэг өдөр намайг манай яамны боловсон хүчин дууддаг юм байна. Тухайн үед яагаад намайг дууддаг билээ хэмээн их эмээж билээ. Ямар нэгэн гэм зэм хийгээгүй дээ хэмээн түгшсэн хүн боловсон хүчний өрөөнд ордог юм. Ортол боловсон хүчнээс гадна Л.Лхагва, Б.Чадраа гуай сууж байна. Тэд надаас шууд л “сансарт нисэх үү” гэж асуусан. Тухайн үед би гэдэг хүн “мэл гайхаж цэл хөхөрнө” гэгч болно биз дээ. Бантсандаа “болдог юм уу” гэж асуутал тэд инээж “бололгүй яахав” гэж билээ. Ингэж л би сансарт нисэх бэлтгэл хийх гараагаа эхэлж байсан түүхтэй.
Тухайн үед эрдэмтэн, докторуудаас бүрдсэн тусгай комисс байгуулагдан ажиллаж 1000 хүнээс сонгон шалгаруулалтыг хийж байлаа. Дараа нь 30 хүн үлдэж дөрвийг нь сонгосон. Тэнцсэн 4 хүнд тодорхой хугацааг хүртэл ах дүүдээ хэлэхгүй байх чиг өгсөн. Гэрийнхэндээ албан ёсны чиг гартал хэлээгүй. Анх аавдаа эхэлж дуулгахад “Хүний хүүгийн хийж байгаа зүйлийг хийгээд л үз” гэсэн. Энэ үг миний зүрхэнд гурван жил хадаастай явсан даа.
Оросын талаас миний нэрийг солих санал тавьсан юм билээ. Тэгээд ярилцаад Ганхуяг нэрээ Ганзоригоор сольсон доо. Тухайн үед нэр өөрчлөхийг нэг их юманд бодолгүй шууд л зөвшөөрсөн. Дараа нь сонсох нь ээ Хуяг гэдэг нь оросуудад хатуу дуудлагатай байсан шиг байгаа юм.
Ганцхан би нэрээ сольсон юм биш. Жанибековын нэр түүний эхнэрийнх нь овог. Түүнчлэн Болгарын Какаловичийг Иванов, Польшийн Хэрменшевскийг Гермишевский гэж сольсон.
Тухайн үед Зөвлөлт орон бүх дэлхийн хэвлэлээр дамжуулахад сонсголонтой нэр байх ёстой гэж үзэж байсан юм билээ.
Жирийн инженер сансарт нисэх тухай бодохоор үнэмшил багатай ч юм шиг итгэж ядаад л байсан.
Тухайн үеийн хэвлэлээр “Гадаадын орлон нисгэгчид нөгөөгөө нисэхэд уурлаж бухимдаж байсан бол Монголын нисгэгч М.Ганзориг ахан дүүсийн ёсоор нөхрөө үдэж, угтаж өөрөө нисчихсэн мэт баярлаж байв”хэмээн бичиж байсан гэдэг.
Шийдвэрийг сонсоод өөртөө сэтгэл гонсойж байсан. Гэхдээ монгол хүн сансарт нисч дэлхийг шуугиулсанд бахархаж явдаг. Тэр ч утгаараа би амьдралынхаа 33 жилийг сансартай холбож явна даа.
Тиим болохоор би сансарт нисээгүй ч ниссэн юм шиг сэтгэлээр жигүүрлэж явдаг. Хамтран ниссэн Гүрээ маань сансарт нисээд ирсэн болохоор би ниссэнтэй ялгаа юу байх вэ.
Бал дарга “Та хоёр хоёулаа монголын төлөөлөгчид.Та хоёрын нэг нь газарт үлдэнэ, нэг нь сансарт ниснэ. Монголын ард түмэн ниссэн ч нисээгүй ч та хоёрыг адилхан хүлээж авна” гэж билээ. Үнэхээр монгол түмэн биднийг зүрх сэтгэлээрээ хүлээж авсан. Өнөөдөр би тэр их буяныг хүртээд л сууж байна.
Ингээд бодоход амьдралынхаа 33 жилийг сансартай холбоотойгоор өнгөрүүлжээ. Сансрын өндрөөс эх дэлхийгээ эргэж судлах олон туршилт хэрэгжүүлэхэд тойрог замын цогцолбороос зураг авч хэмжилт хийхээс гадна шинжлэн судлаачид нисгэгчдийн ажиглалт судалгаа чухал үүрэгтэй. Үүгээр Ж.Гүррагчаа маань дэлхий орчмын тойрог замын цогцолборын нислэгийн өндрөөс эх газрын хамгийн гүн тунгалаг устай Байгаль, Хөвсгөл нуурыг харсан юм. Уг ажиглалтыг “Биосфера-Мон” туршилтын хүрээнд “Хөвсгөл” хэмээх даалгаварын дагуу хийсэн. Ж.Гүррагчаа нисгэгчийн ажиглан тэмдэглэсэн дээрх нутаг бүхэлдээ байгалийн доош суусан буюу рифтийн бүсэд хамардаг.
Миний амьдралын түүхийг уншиж болох “Мартагдашгүй долоо хоног” номоо Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой буюу Хөдөлмөрийн баатар болох үеэрээ яг энэ нэрээр нь баяжуулан гаргасан.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Ажил
М.Ганзориг 1978 оноос Физик техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж мөн оны 3 сарын 18-ны өдрөөс 1981 оны V сар хүртэл Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгт бэлтгэж, Ю.А.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулийг дүүргэж “Союз” хөлөг, тойрог замын “Салют” станцын сансрын нисгэгч, шинжлэн судлаач болсон. 1981 оны 5 сараас Физик-техникийн хүрээлэнгийн Сансар судлалын секторт эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад XI сард ЗХУ-ын ШУА-ийн Сансрын шинжилгээний институтэд томилогдон хамтарсан нислэгийн үеэр хэрэгжүүлсэн сансрын байгаль судлалын туршилтын үр дүнг боловсруулах, туршилтын судалгааны ажилд биечлэн оролцох “Спектр-Мон-83” туршилтыг бэлтгэн зохион явуулах ажлыг амжилттай гүйцэтгэн хээрийн бэлчээрийн ургамалжилтын төлөвийг спектр тодролтын коэффициенттэй холбон шинжилж “Монголын нутаг дэвсгэрийн хээрийн бүс дэх ургамалжилтын төлөвийг бүхээгийн хэмжилт, мэдээллийн цогцолборын тусламжтайгаар агаар-сансраас тандах аргаар судлах боломжийг үнэлэх нь” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг 1984 онд хамгаалжээ.
М.Ганзориг 1984-1990 онд Физик Техникийн Хүрээлэнгийн Агаар сансрын мэдээлэл боловсруулах эрдэм шинжилгээ, арга зүйн лабораторийн эрхлэгч, 1990 оноос 2014 оны 03 сар хүртэл Информатикийн хүрээлэнгийн захирлаар, 2014 оноос эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, сэдвийн удирдагчаар тус хүрээлэнд ажиллаж байна.
Эрдэм шинжилгээ, судалгаа
Сансрын хамтарсан нислэгийн үеэр байгаль, цаг уур, ландшафтын өөр бүсэд сонгосон загвар талбайд төрөл бүрийн биетээс ойсон спектрийн хэмжилтийн материалд дүн шинжилгээ хийж үр дүнг нийтлүүлснээр эрдэм шинжилгээний бүтээлүүдийн эхлэл нь тавигджээ. Биет тус бүрийн спектрграммд тайлал хийсэн үр дүнгээс үзэхэд тэдгээрийг сансраас авсан олон бүсчлэлийн зургаар ангилах, танихад спектр тодролтын коэффицент (СТК) өгөгдлийн үндсэн суурь байх боломжтойг тодорхой жишээгээр баталсан. Энэ нь байгалийн биетийн бүтэц нь гадна, дотны хүчин зүйлүүдээс хамаардаг учир тэдгээрийн спектр нь цахилгаан соронзон долгионы муж бүрт харилцан адилгүй байгаагаар тайлбарлагдана.
Ургамалжилт зэрэг хөгжлийн явц нь тасралтгүй өөрчлөгддөг байгалийн бүтцийг ангилах, төлвийг нь тодорхойлоход СТК ба тухайн биетийн хэв шинж төлөвийг илэрхийлэгч үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг тодорхойлох шаардлага гарсан. Ийм туршилт тавих аргазүйг боловсруулж “Спектрмон-82, 83” туршилтыг Төвшрүүлэхийн ойт хээрийн бүсд Орос, Болгарийн эрдэмтэдтэй хамтарч хэрэгжүүлсэн. Туршилтад түүний дэвшүүлсэн хөрс-ургамалжилтын тогтолцооны нэг болон олон факторт үзүүлэлтийг СТК-д яаж нөлөөлөхийг тооцох аргачлалын асуудал нь шинэ юм.
Олон улсын “Интеркосмос” хөтөлбөрийн зайнаас тандах судлалын ажлын бүлгийн Монголын талын ахлагчаар ажиллах үедээ геосистемийн динамикийг агаар, сансар, газрын түвшинд нэгэн болон ойролцоо эгшинд судлах зорилготой “ГеоМон-90” олон улсын төслийг боловсруулж хэрэгжүүлсэн. Төслийн зорилго нь агаар, сансрын олон түвшний мэдээлэл, хээрийн ажиглалт хэмжилтийн дүнг цогц хэрэглэж геосистемийн динамикийн төлөвт анализ хийх онол, аргазүйн асуудал байлаа. Төсөлд Орос, Герман, Польш Монгол, Болгарын эрдэмтэд оролцсон.
Дараагийн багц ажил нь агаар сансрын зургийн тайлалтын дүнг геологи, ашигт малтмалын судалгаатай харьцуулан тооцоололын текникээр боловсруулж ашигт малтмалын байрлалд тодорхой нөлөө үзүүлж байгаа хүдэр агуулах шинжтэй бүтцийг илрүүлж, ашигт малтмалын байрлалын зүй тогтолд үнэлгээ өгч, хэтийн төлөв бүхий нутгийг шинээр илрүүлэх боломжийн талаар хийсэн судалгаа юм. Судалгааны үр дүнд “бүтэц”, “эрэл” зэрэг багц программ, олон хэмжээст статистикийн арга, алгоритм боловсруулжээ.
ЮНЕСКО, Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн программын шугамаар “MON 88/010” төслийн үндэсний зохицуулагчаар ажиллаж сансрын дүрст мэдээлэлд тоон боловсруулалт хийх иж бүрдэл лабораторийг Монголд анх байгуулсан нь судалгааг шинэ шатанд гаргахад нөлөөлсөн.
Монгол-Японы хамтарсан “Гурван-Гол” төслийн хүрээнд (1989-1993) агаар сансрын мэдээлэл боловсруулах, ашиглах, геофизикийн аргаар тандалт хийх Монголын талын хэсэгт ажиллаж геомэдээллийн системийг Археологийн судалгаанд ашиглах боломжийн асуудлаар эрдэм шинжилгээний тайлан, өгүүллэгүүд нийтлүүлсэн.
Германы сансрын агентлагийн зайнаас тандах судалгааны төвтэй хамтарч ЕRS-2 хиймэл дагуулын SAR мэдээлэл хүлээн авах станцыг суурилуулж Монголын нутгийг бүрэн бүрхсэн мэдээллийн сан бүрдүүлсэн.
Шагнал
М.Ганзориг 1981 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд Сүхбаатарын одон,“БНМАУ-ын сансрын нисгэгч” цол, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон , 2006 онд “Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол, 2011 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнасан. 1996 онд ШУ-ны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан юм. М.Ганзориг ЗХУ-аас Лениний одон, ОХУ-ын найрамдлын одон, БНАСАУ-ын Найрамдлын медаль, 2011 онд ОХУ-ын сансрын нисгэгчдийн холбооны “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медалиар тус тус шагнуулжээ.
М.Ганзориг нь сансар судлал, сансрын нислэг зүйд оруулсан хувь нэмрийг үнэлж Гагарины алтан медаль, нислэг зүйг дэмжих олон улсын фондын гавьяа медаль, Ю.Гагарин, Г.Титов нарын нислэгийн ойн медалиудаар удаа дараа шагнажээ.
Америкийн газарзүйн нийгэмлэг түүний геоинформатикийн салбарт нийтэлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь үнэлж О.Миллерийн медалиар шагнажээ. Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагнал 2013 онд.
“Олон Эх Сурвалжийн Мэдээг Боловсруулах Арга Зүй” сэдвийн хүрээнд хийсэн хамтын бүтээлүүдийг Монгол Улсын Шинжлэх ухааны 2005 оны шилдэг бүтээлийн хоёрдугаарт байрт шалгарчээ.
Эх сурвалж: Википедиа