Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2019-05-30

МАЛЫН ДЭРГЭД ӨССӨН ХҮҮ “МАЗААЛАЙ” ХИЙМЭЛ ДАГУУЛ БҮТЭЭЖЭЭ

Дөнгөж мөлхөж эхэлж байгаа хүү Эрдэнэбаатарыгаа Эрдэнэт хотод ажил хийдэг аав, ээж нь Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ уул багийн Улиастайн голд суугаа малчин өвөө Н.Пүрэвжанцан, эмээ Ч.Рина нарт нь хүргэж өгчээ.

Жаал хүү бүр бага балчраасаа малчны хотод малын хөлийн тоосон дунд хурга ишигтэй хөөцөлдөж, үхэр тугалын наагуур, цаагуур гүйж торинон сургуулийн насанд хүрчээ.

Д.Эрдэнэбаатар хүү 1995-2005 онд өөрийн төрсөн Эрдэнэт хотын Нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцлаа. Тэрээр бүр бага ангид сурч байхаасаа номтой нөхөрлөж, ном уншихын амтанд орсон хүүхэд. “Өвөөгийн маань дүү Н.Пүрэвдорж ахынх олон сонирхолтой номтой, гэрийн номын сантай айл байсан. Би тэр номуудыг бага ангид байхдаа  бүгдийг нь уншиж дуусгаснаа өнөөдөр дурсан бодоход тэр л миний эрдэм номын мөр хөөх их замын эхлэл болсон байх” гэж тэр бахархан ярив.

Хичээл тарж, сурагчдын зуны амралт эхлэнгүүт Д.Эрдэнэбаатар өвөө эмээдээ очихоор яарна. Хэлд орж, хөл дээрээ боссон Улиастайн голоо санана. Тэгээд л  өсөж бойжсон нутагтаа очиж, жил бүрийн зуны амралтаа зугаатай, хөгжөөнтэй өнгөрүүлнэ. Малтай хөөцөлдөнө. Морь унана. Хонинд явна. Хүүхдүүдтэй тоглоно. Зав зайндаа ном унших ажлаа ч орхигдуулахгүй.

Малчин авга ах П.Бат-Очир нь “Миний дүү ахдаа хонь хариулдаг робот хийж өгөөрэй. Ах нь хониндоо явуулж байя” хэмээн хэлдэг байсан нь зохион бүтээгч болохыг зөгнөсөн зөн совин байсан ч юм уу хэн мэдлээ. Д.Эрдэнэбаатар дунд сургуульд сурагч байхаасаа зохион бүтээгч инженер болох хүсэл мөрөөдөлтэй болжээ. 2005 онд аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн Физик Электроникийн Сургуульд элсэн орж, 2009 онд Физикийн бакалвр, 2011 онд Физик-Электроникийн магистр зэрэг хамгааллаа. Тэрээр МУИС-даа үлдэн багшилж, эрдэм мэдлэгийнхээ хүрээ царааг тэлсээр Япон улсад Докторын зэрэгт суралцахаар одов.

Япон улсад суралцах хугацаандаа Монгол улсын сансрын анхны хиймэл дагуул “Мазаалай-н зохион бүтээгчээр ажиллана. Очих замдаа “Тэр хиймэл дагуулыг ганцаараа хийнэ ээ. Түүнийг заавал хийнэ. Би чадна аа. Бүр том дагуул хийх юм шүү” гэсэн бодолтой хүрч очив.

Сансрын хиймэл дагуул хийж бүтээнэ гэдэг маш нарийн төлөвлөгдсөн ажил байх ёстой юм байна. Сайн төлөвлөж чадвал хийх боломжтой ажил юм гэдгийг ойлгов. Зохион бүтээгч инженер Д.Эрдэнэбаатар “Өндөр чадалын хагас дамжуулагч төхөөрөмж сансрын цацрагийн нөлөөнд эвдрэх эвдрэлийн зэргийг тооцох аргачлал” сэдэвт докторын ажлын судалгаа хийж 2017 онд Сансрын инженерчлэлийн чиглэлээр инженерийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалжээ. “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг олон улсын BIRDS төслийн хүрээнд Япон улсын Кюүшүгийн Технологийн Институт (КТИ) дээр МУИС-ийн гурван залуу судлаач багш Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин, Т.Төртогтох нар доктрантурт суралцангаа баг болон ажиллаж гардан бүтээсэн ажээ.

2015 оноос эхлэн КТИ дээр хэрэгжиж буй олон улсын BIRDS төсөлд Япон, Монгол , Бангладеш, Нигери, Гана гэсэн таван улс өөрсдийн хиймэл дагуулаа бүтээж, Тайланд, Тайван улс газрын станцын сүлжээнд багтан оролцож байна. Төсөл нь хөгжиж байгаа орнуудын анхны хиймэл дагуулыг бүтээх явцдаа энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх, сансрыг энх тайвны үйлсэд ашиглах үүднээс олон улсын хамтын амжллагааг бэхжүүлэх үндсэн зорилготой.

2016 оны 10-р сараас сансрын тойрог замд гаргах “Мазаалай”-н хувилбарыг угсарч олон улсын стандартын шаардлага хангаж байгааг нотлох сорил туршилт хийгдсэний дараа Япон улсын Сансрыг Нээн Судлах Агентлагт хүлээлгэн өгөв. Монголын анхны хиймэл дагуулыг удирдах, бүтээхэд Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Коммис, Онцгой Байдлын Ерөнхий Газар оролцон тусалжээ. Улмаар 2017 оны 6-р сарын 4-нд АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс “Мазаалай” хиймэл дагуулыг Олон Улсын Сансрын Станцад хүргэхээр “Фалкон-9” пуужин амжилттай хөөрөв.  Уг хөөргөлтөөс сар орчмын дараа 2017 оны 7-р сарын 7-ны өдөр Мазаалай хиймэл дагуул олон Улсын Сансрын Станцаас салж өөрийн тойрог замд орсноор Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтсэн “Мазаалай” хэмээх бяцхан хиймэл дагуул сансрын уудмаар аялан үүргээ гүйцэтгэж эхэлжээ.

Хиймэл дагуулын анхны дохиог (сигналыг) 2017 оны 7-р сарын 9-нд хүлээж авав. Сансраас Монгол улсын Төрийн дуулал сүр жавхлантайяа эгшиглэж, дэлхий даяар цуурайтав. Монгол улс бие даасан сансрын хиймэл дагуултай 51 дэх орон боллоо. Энэ нь Монгол улсын тусгаар тогтнолын бас нэгэн баталгаа байлаа.

Монголын “Мазаалай” хиймэл дагуулыг задгай сансарт гаргах процесс нь Японы сансрын агентлаг ЖАКСА-ийн зохион байгуулалтаар хийгдэж, тэр үйл ажиллагаанд төсөлд оролцогч таван улсын засгийн газар болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн очжээ. “Мазаалай” хиймэл дагуулыг сансарт гаргаж тойрог замд оруулсан үйл явдал нь Монгол хүн сансарт ниссэний дараа орох сансрын орон зайг Монгол улс эзэмших их ажлын эхлэлийг тавьсан түүхэн том үйл явдал болсон билээ.

Хөдөөгийн хөдөө Улиастайн голд малчин өвөөгийндөө малын дэргэд өсч торнисон эрдэмтэн, Жаргалант сумын уугуул Дашдондогийн Эрдэнэбаатартай товчхон ярилцлаа.

Мазаалай” дагуул Олон улсын сансрын станцаас салж өөрийн тойрог замд орсон. Бас анхны дохио өгсөн, түүнийг газар дээр хүлээн авсан үеийнхээ сэтгэгдлээ хуваалцана уу?

- “Мазаалай” дагуул задгай сансарт гараад тойрог замд ороход мэдээж баяртай байсан. Энэ нь дөнгөж эхлэл байсан болохоор “За одоо боллоо” гэх юм байхгүй л дээ. Анхны дохио иртэл сэтгэл зовинолтой бас айдастай байсан. “Мазаалай” дагуул маань анхны дохиогоо өгөөд сансарт ажиллаад эхэлсэн мэдээг бид газар нутаг  дээрээ хүлээгээд авна гэдэг амжилт байв. За ямар ч байсан бодсон амжилтандаа хүрч чадлаа гэж их баярласан.

Монгол улс  сансрын хиймэл дагуултай болсны гол ач холбогдол юунд орших вэ?

- Ач холбогдол нь шууд ба шууд бусаар илэрхийлэгдэнэ. Авсан мэдээлэлдээ тулгуурлаад нүүдэлчин ахуй, газар тариалан, уул уурхай зэрэг салбарт менежмент хийх, эдийн засгийн үр ашгийг гаргаж авах, улс орны аюулгүй байдлыг хангаж ажиллах зэрэг боломж бүрдэнэ.

Манай улсад хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай зэрэгт ашиглах арай том хэрэглээний хиймэл дагуул бүтээх суурь тавигдсан гэж болно. Юуны өмнө хоёр төрлийн хиймэл дагуул хэрэгтэй. Интернэт, телевизийн үйлчилгээг хөдөөд яаж хурдан хүргэх вэ гэдэг чухал асуудал байна. Түүнийг шийдвэрлэхэд Харилцаа холбооны хиймэл дагуул хэрэгтэй. Газар нутгаа харах, хянах, зайнаас тандан судлахад ашиглах хиймэл дагуул бас  хэрэгтэй л дээ.

Зохион бүтээсэн хиймэл дагуулаа “Мазаалай” гэж нэрлэсний учир юу вэ?

- Дэлхийд ганцхан Монголд л байдаг нэн ховордсон Мазаалай хэмээх говийн баавгай байдгийг дэлхий нийтэд таниулж, түүнийг хайрлаж хамгаалахад олон улсын анхаарал санаачилгыг  хандуулах зорилгоор ингэж нэрлэсэн юм.

“Мазаалай” хиймэл дагуулын үйл ажиллагааны талаар сонирхмоор байна л даа?  

- 400 км өндөрт яваа “Мазаалай” дагуулаас газрын станц дээрээ мэдэлэл хүлээн авна.  Өдөрт тодорхой цагт дундажаар 4-5 удаа мэдээлэл авах боломжтой. “Мазаалай” дагуул 90 орчим минутанд дэлхийг нэг удаа тойрно. Жишээ нь. Өмнөд Америкийн нутаг дээгүүр АФрикийг чиглээд явж байгаа мэдээ авлаа гэхэд 35 орчим минутын дараа Улаанбаатар хот дээгүүр өнгөрч  явах жишээтэй. Зарим өдөр Улаанбаатар дээгүүр өнгөрч таарахгүй ч байж болно. Бид “Мазаалай” дагуулаа 6-9, 9-12 сар яваад ажиллах хугацааг нь дуусахаар тооцсон. Гэлээ ч жил гаруй ажиллаад явж л байна. Энэ дагуул дэлхийд 340-350 километр өндөрт орж ирэхэд үйл ажиллагаа нь бүрэн дуусгавар болох учиртай.

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Физикийн тэнхимийн багш, сансар судлалын инженерчлэлийн ухааны Доктор (Ph.D) Дашдондогийн Эрдэнэбаатар одоо Нано Хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ-ын захирлаар ажиллаж байна.

Д.ГҮРРАГЧАА /Архангай, Жаргалант сум/

 

573   1
НИЙТЭЛСЭН: Мягмар

Санал болгох