Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-01-27

АРХАНГАЙД КОРОНАВИРУСЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Архангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл 1-р сарын 26-ны оройноос олон нийтийн сүлжээнд тарж эхэлсэн. Энэ талаар аймгийн онцгой комисс, Эрүүл мэндийн газраас тайлбар хийлээ.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.ГАНДИЙМАА:

Архангай аймагт өнөөдрийн байдлаар коронавирүсын халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Улмаар сэжигтэй тохиолдол ч бүртгэгдээгүй байна. Ер нь коронавирусын тохиолдлууд бусад улс орнуудад бүртгэгдэж хүрээгээ тэлж байгаа учир энэ улс орнуудад зорчоод ирсэн хүмүүс улирлын томуугаар өвдөөд ирэхэд бид нар ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Энэ тохиолдолд Хонконгт зорчсон нэг хүн 1-р сарын 26-ны өдөр дуудлага дуудсан. Мэргэжлийн баг журмынхаа хүрээнд очиж үзлэг, тархвар судлалын анамнез авсан. Энэ тохиолдлыг бол тархвар судлалын холбогдолгүй, сэжигтэй тохиолдол биш гэж үзсэн байгаа. Уг өвчтөн нь улирлын томуугийн шалтгаантай уушгины хатгаатай байна гэдэг оношоор эмчлэгдэж, биеийн байдал сайжирч байна. Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

Хүн амын өвчлөл их байгаа үед илт ташаа мэдээллийг албан бус эх сурвалжаас авч, нийгмийн сүлжээнд тараах нь буруу юм. Хүн амын стресс ихсэх тусам эрүүл мэндийн байдал, дархлаа нь суларна. Мэдээллийг заавал албаны эх сурвалжаас аваарай.

Аймгийн Засаг даргын орлогч Б.БОЛОРМАА:

Өнөөдөр 12.00 цагт аймгийн онцгой комисс хуралдсан. Хурлаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар ярьсан. Онцгой комиссын хурлаас захирамж гарсан. Захирамжаар сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 3-р сарын 2-ныг хүртэл хаасан. Мөн олон нийтийг хамарсан урлаг спортын арга хэмжээ, хурал зөвлөгөөн, цуглааныг түр хугацаар хорьсон. Энэ захирамжийг хэрэгжүүлэх албан даалгаврыг сум, агентлаг, хувийн хэвшлийн удирдлагуудад хүргүүллээ. Мөн ЭМГ-аас зөвлөмж хүргүүлэн ажиллахаар шийдвэрлэсэн.

Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил, нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн ЭМГ, онцгой комиссоос авах нь зүйтэй. Ард иргэдийг төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл цацаж байгаа тохиолдолд холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авах болно.

1246   2
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох