НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭХЭД ТӨР ОРОЛЦОХГҮЙ
Энэ хавар нөөцийн мах худалдаанд гарах эсэх талаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс болон Хүнс хөдөө аж ахуйн газраас тодрууллаа.
ХБХОХ-ийн дарга П.Энхтайван: “Манай аймагт сүүлийн жилүүдэд нөөцийн мах бэлтгэхэд төсөв хуваарилдаггүй болсон. Хувийн компаниуд нөөц боломжиндоо тулгуурлан нөөцийн мах бэлтгэдэг” гэсэн хариултыг өгсөн юм.
Аймгийн ЗДТГ-ын 2019 оны хууль тогтоомжийн биелэлтийн тайланд тусгагдсанаар хөдөө аж ахуйгаас жилд дунджаар 40,6 мянган тн мах, махан бүтээгдэхүүн бэлтгэж зах зээлд нийлүүлдэг. 2019 оны 11-р сарын байдлаар аймагт 260 тн махыг зориулалтын агуулахад хадгалж байгаа гэжээ.
Аймгийн хэмжээнд зориулалтын хэдэн газарт нөөцийн мах бэлтгэж байгааг ХХААГ-аас лавлахад “Найруулга”, “Арбука” ХХК-уудыг нэрлэв.
Энэ хоёр компанитай холбогдоход: Арбука ХХК энэ онд нөөцийн мах бэлтгээгүй, Найруулга ХХК 10 орчим тн мах нөөцөлсөн гэлээ.
Эдгээр компаниас гадна “Улам баяжихуй ХХК 10 тонн мах нөөцөлсөн юм байна.
Албаны хүмүүсийн тайлбараар: “Мал махны худалдаачид өөрсдөө мах нөөцлөөд хавар гаргаж ирдэг. Нөгөө талаар манай аймгийн онцлогоос шалтгаалан иргэд нөөцийн мах худалдан авахдаа тийм ч дуртай биш. Тиймээс төрөөс нөөцийн махан дээр ач холбогдол өгөөгүй”-г хэлж байсан юм.