АРДЫН ДИПЛОМАТЧ АМАЙ
Замба тивийн Ази, Африк, Австрал, Америк, Европ тивийн хар, шар, цагаан арьстан 86 улс орны хилийн дээсийг давж, тэдгээр улс орны ард түмэнд Монгол улсаа таниулсан Монгол Бадарчин Амай “Ардын диполматч” нэрээр алдаршаад олон жил болов.
Амайн өвөө Ганган Нямбуу нь манай аймгийн Өлзийт сумын Бодонтын голд төржээ. Амайгийн ээж нь Өлзийт сумын ганган Нямбуугийн охин Оюунчимэг, аав нь Увс аймгийн Давст сумын харьяат, МУИС-ийн багш, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, Ю.Цэдэнбал Академийн дэд тэргүүн Цэенноровын Жамбалсүрэн юм.
Амай гэдэг нэрийг үеийнх нь залуучуудаас Аман хуураар ая зохиодог авьяасыг нь үнэлж “Аман ая” гэж өргөмжилсөн нэр учир олон түмэнд энэ нэрээр алдаршжээ. Өөрийнх нь жинхэнэ нэр нь Жамбалсүрэнгийн Золбаяр юм. Амай нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, 1987-1991 онд ЗХУ-ын Эрхүү хотын 19-р дунд сургууль, 1991-1997 онд Нийслэлийн 23 дугаар сургууль, 1997-2003 онд МУИС-ийн Олон улсын Харилцааны сургууль, 2003-2004 онд Удирдлагын Академийн Эдийн засгийн магистрантурт суралцсан, олон улсын харилцааны бакалавр зэрэгтэй хүн юм.
Амай нь орчин үеийн хөгжмийн гол хандлага транс электро хөгжмийг дэлгэрүүлэгч гол төлөөлөгчийн нэг бөгөөд аман ая /битбокс/-ын чиглэлийг дэлгэрүүлэгч ажээ.
2005 оны 11-р сараас “Монгол Бадарчин” аяллаа Гандан хийдэд ёслон үйлдээд аав, ээж хоёр нь мэддэг тарни уншицгааж тэнгэр бурхандаа даатгаж аяллаа эхэлж, дэлхийн таван тивийн 86 улс оронд Монгол улсынхаа Алтан Соёмбот далбаагаа мандуулж, манай дэлхийг дөрөв дахин тойрсонтой тэнцэх их замыг 11 жилийн хугацаанд туулсан юм.
Амай нь ертөнцийн өнцөг булан бүхэнд хүрч, бид дэлхий хэмээх нэгэн оронтой, нэгэн тэнгэрийн дээвэрт оршин амьдарч буй гэдгийг ойлгуулж, ард түмэн, улс орнуудын хоорондын найрамдал нөхөрлөл, итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, Чингис хааны үр удам Монгол улсынхаа түүх, соёл, ёс заншил хөгжил дэвшлийг сурталчлахад ардын дипломатын аргыг хэрэглэхийг гол зорилгоо болгосон ажээ.
Тэр Шинжлэх Ухааны Академаас “Хубилай хаан” алтан медаль, Олон улс судлалын профессор, Энх тайван Найрамдлын байгууллагын “Найрамдлын Алтан од”, Сэтгүүлчдийн Эвлэлийн Ган үзэгтэн, “Энэ цагийн эгэл баатар” цол, “Гарамгай аялагч цол”-той аж.
Т.ЯДАМСҮРЭН
Амай “Хүмүүс намайг яагаад айдаггүй юм бэ гэж асуудаг. Би дайн дажин, аюултай бүс нутгуудыг туулж байхдаа, эх орныхоо төлөө явж байсан болохоор зоригтой байсан. Харин саяхнаас буюу эрүүл мэнд эрс муудаж эхлэх үед анх удаа айж эхэлсэн. Гэхдээ үхлээс биш хийж буй зүйлсээ дуусгаж чадахгүй бол гэдгээс...”