МОРИНЫ КОМИССЫН ХАССАН МОРЬ ИЙНХҮҮ ТҮРҮҮЛЖЭЭ
Уралдаанч хүүхэд нь уйлж, уяач нь бухимдсан бичлэгийг үзсэн хэн ч “ардын морь түрүүлж болдоггүй наадам уу” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ. Уяачийн ах нь өөрийн цахим хуудаснаа бичлэгийг оруулсан байна.
Энэ жилийн наадмаар эрлийз морьдыг тусд нь уралдуулахаар шийдвэрлэжээ. Зургаан насны морьдоос гадна эрлийз дээд, дунд, доод гэсэн ангиллаар уралдааныг зохион байгуулсан юм. Уг шийдвэр нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны 2015 оны 7-р сарын 1-ний өдрийн 05 тоот тогтоолын дагуу манай аймагт энэ жилээс мөрдөгдөж эхлээд байна.
Аймгийн баяр наадам зохион байгуулах хорооны хурдан морины комиссоос эрлийз морьдыг тусд нь уралдуулах шийдвэрээ наадам болохоос долоо хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр мэдээлжээ.
Хурдан морины комисст харъяалагдах Үүлдэр тогтоох мэргэжлийн баг гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нас насны морьдыг сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлаар нь ангилж уралдуулсан гэж байна.
Аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны морины комиссын дарга П.ГОМБОДОРЖ:
ХАСАГДСАН МОРИО УРАЛДААНЫ ЗАМААС НИЙЛҮҮЛСЭН НЬ ЖУРАМ ЗӨРЧСӨН
-Их насанд түрүүлж ирсэн морийг яагаад хассан юм бэ?
-Их насны морьдын уралдаан эхлэхийн өмнө Үүлдэр тогтоох мэргэжлийн баг бүх морьдыг шүдэлж, таван морийг уралдуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Эдгээр мориноос бусад нь гарааны газар руу хөдөлсний дараа араас нь дээрх таван морь давхисан байдаг. Хурдан морины уралдаанд зөвшөөрөлтэй есөн машин дагасан бөгөөд морьд гараанаас гарахад дээрх таван морь ирж нийлээгүй. Харин морьд эргэж, уралдаан эхэлсэн хойно Гарамын бургасны орчим 068 дугаартай хээр морь нийлж уралдсаныг морь дагасан машинд байсан хүмүүс ч, уралдаанч хүүхдүүд ч хэлж байгаа юм.
Ингээд их насанд Тариат сумын П.Батхүүгийн хээр морь түрүүлж ирсэн нь мэргэжлийн багийн хассан морь байсан учир журмаараа дараагийн морь болох Цэнхэр сумын уяач Доржийн бор морийг эхэнд ирсэнд тооцсон.
-Зөвхөн их нас гэлтгүй бүх насны морьдыг гарал үүслээс нь хамааран морины комиссынхон үзэмжээр хандсан гэж зарим уяач хэлж байна?
-Тийм зүйл байхгүй ээ. “Үүлдэр тогтоох мэргэжлийн баг” сүүлийн 5-6 жил морьдыг шүдэлж байгаа. Тэд морио ч мэднэ, уяачдаа ч мэднэ. Мэргэжлийн багийн ахлагчаар аймгийн ЗДТГ-ын ХБХОХ-ийн мэргэжилтэн Ганбат ажилласан. Мэргэжлийн багийн гаргасан шийдвэрт аймгийн ямар ч эрх дархтан, уяач, хэнбугай ч нөлөөлөх эрхгүй. Тэд ажлаа зохих журмын дагуу явуулсан. Ямар нэгэн будлиан гараагүй. Харин ч эрлийз морьдыг тусд нь уралдуулсанд уяач нар сэтгэл хангалуун байсан.
Морины комиссын дарга ийм тайлбарыг хийлээ. Мөн их морины уралдаанд гарсан “будлиан” гээд байгаа дээрх асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн гэдгийг нэмж хэлсэн юм.
Бид Тариат сумын залуу уяач П.Батхүүтэй утсаар холбогдож, ярилцлага авсан юм.
-Морио замын дундаас оруулсан гэсэн мэдээлэл байна. Тийм явдал болсон юм уу?
-Миний морийг эрлийз гэсэн нь хүмүүсийн явуулга байсан юм билээ. Сүүлд нь хүмүүсээс сонссон. Яагаад эрлийз гэж авч үлдчихээд тэгээд яагаад араас нь явуулсан юм бэ. Морины комиссын буруу гэж бодож байгаа. Нэгэнт л авч үлдсэн юм бол явсан морьдыг иртэл нь байлгаж байх ёстой байсан.
-Морины комисс авч үлдсэн морьдыг араас нь явахыг зөвшөөрсөн юм уу?
-Морины комиссоос авч үлдсэн морьдын хүүхдүүдийг араас очоод нийлчих гээд явуулсан байна лээ. Очиж явахад нь урдаас морьд нь ирээд, тэгээд л орчихсон юм байлгүй.
-Авч үлдсэн таван морь тавуулаа араас нь явсан юм уу?
-Бүгд араас нь явсан. Засмал гараад явж байхад нь морьд урдаас нь ирж байсан. Гараанаас гараад 2 км явсан юм уу, тэгээд л нийлсэн юм байна лээ.
-Замын дундаас нийлсэн морийг хасдаг журамтайг мэдэж байсан уу?
-Мэднэ л дээ. Гэхдээ эрлийз гэж авч үлдсэнд л гомдолтой байна. Ер нь замын дундаас ч бай, адилхан давхиад л ирсэн морь ш дээ. Морины комисс араас нь хэдэн морь ирж байгаа гээд морьдыг байлгаж байх ёстой байхгүй юу.
-Ямар үзүүлэлтээр эрлийз гэсэн юм бол?
-Чих нарийхан урт, шилбэ нарийхан өндөр байна гэсэн. Чихээр нь хэмждэг болчихсон юм байлгүй.
-Яаж хэмждэг талаар танилцуулсан уу?
-Танилцуулаагүй. Миний морийг хэмжиж ч үзээгүй гэсэн. Морины комиссынхонд хүмүүс худлаа ярьж, хор найруулсан юм шиг байна лээ. Сүүлд сонссон.
П.Батхүүгийн дэгдээхэй хээр морь аймгийн наадамд ирэхийн өмнө Алтаад багийнхаа наадамд айргийн тавд ирж, сумандаа аман хүзүүджээ.