ӨГЛӨӨНИЙ АЛХАЛТААС ӨДРИЙН ЭРЧ ХҮЧИЙГ МЭДЭРЬЕ
Аз жаргалтайгаар урт удаан наслахыг хүн бүр хүсдэг. Бидний эргэн тойронд байгаа техникжсэн ертөнц, цаг нартай уралдах амьдралын хэв маягаас шалтгаалан шинэ төрлийн өвчин эмгэгүүд бүртгэгдэж, аз жаргалтай урт удаан наслах хүслийг мохоож байна. Хүний ажлыг хөнгөвчлөх тоног төхөөрөмж өдөр бүр “мэндэлж”, бид суудалдаа суугаад кноп дардаг л ажил хийдэг болжээ. Ажлын бүтээмж нэмэгдэх сайн талтай ч хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй олон төрлийн өвчнийг үүсгэсээр...
Тэгвэл өвчнөөс сэргийлэх энгийн аргууд ч үр дүнгээ өгсөөр. Наад зах нь өглөөг зөв эхлүүлж хэвших хэрэгтэй. Эрүүл мэндээ тэтгэж, уушгаа “баярлуулахад” явган явах тустай аж. Ялангуяа өглөөний нарны энергийг биедээ шингээн цэвэр тунгалаг агаар амьсгалан алхах нь сэтгэл санааг өөдрөг болгож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Архангай аймгийн ЭМГ, БТСГ хамтран “Нарны алхалт” сарын аяныг өрнүүлж байна. Эхний үед төрийн албан хаагчид голдуу хамрагдаж байсан бол одоо иргэд нэгдэж эхэлжээ. Цаг агаарын таатай, таагүй нөхцлөөс үл хамааран өглөө бүр 500 орчим иргэн алхсаар байна. Тэд алхалтыг дасгалтай хослуулдаг аж.
Хэдийгээр сарын аяны нөлөөгөөр алхаж эхэлсэн ч үр дүнг биеэр мэдэрсэн иргэд цаашдаа ч тогтмол алхана гэж байна.
Дэлгэр цаг ирж, нар эрт мандаж байна. Та ч бас орноосоо эртлэн босч өглөөний алхалтанд нэгдээрэй.
Өдөрт тогтмол 30 минут алхснаар:
* Цусны даралтыг 5 нэгжээр нэмнэ.
* Хорт хавдар тусах эрсдлийг 40% бууруулна.
* Альцгеймерийн өвчин тусах эрсдлийг багасгана.
* Анхаарал болон шийдэмгий байдлыг дээшлүүлнэ.
* Сэтгэл гутрал, ядаргааг хөнгөвчилнө.
* Зүрхний шигдээс тусах эрсдлийг багасгана.
* Ууц нурууны өвчнийг намдаана.
* Хөл, гуя, таазны сунгалтыг нэмэгдүүлнэ.
Амьдралдаа энгийн зүйлийг хэвшүүлж, алхалт хөдөлгөөнийг хэв маяг болгосноор эрүүл мэндээ тэтгэж, стресс бухимдлаас ангижрахад тустай. Үүнийг хүн бүр мэддэг ч хэрэгжүүлэхгүй байна. Хамтдаа алхцгаая!!!