Гишүүнэ ургамал хавдрыг маш хурдан эдгээдэг гэв үү?
Ер нь дэлхий нийтэд бол гишүүнэ ургамлыг анагаах ухаанд хавдарын эсрэг хэрхэн хэрэглэх талаар Шефэйлд Халлам Их сургуулийн эрдэмтэд Scottish Crop Судалгааны Инститиуттай хамтран хийсэн судалгааны үр дүнг ‘Food Chemistry’ сэтгүүл хамгийн анх 2010 оны хоёрдугаар сарын 19-нд түгээсэн байдаг. Тэнд мэдээлснээр бол Их Британид ургадаг гишүүнэ нь хавдрын эсрэг шинэ эм гаргахад хэрэглэж болохуйц эмийн бодисын боломжит эх үүсвэр болж байгааг Шефэйлд Халлам Их сургуулийн Био анагаахын судалгааны төвийн доктор Никки хэлсэн тухай байдаг.
Айраг буюу гишүүнэ нь үнэхээр хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй юу? Түүнийг нь шинжлэх ухаан баталсан уу? Энэ талаар 2014 онд сэтгүүлч Ц.Чимэддондог, С.Баяр-Оч нар хамтран мэдээлэл нягталж шалгах ажил хийжээ. Тэдний нягталснаар бол Айраг буюу гишүүнэ нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй эсэхийг нягтлалгүйгээр аман ярианд итгэж хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй гэжээ. Гишүүнэ нь хавдрын эсрэг нөлөө үзүүлдэг полепенол бодис агуулдаг нь үнэн аж. Гэхдээ энэ бодис ганц гишүүнээр ч тогтохгүй бүх төрлийн жимс, хүнсний ногоо болон цайнд байдаг.
Английн Шефэйлд Халлам Их сургуулийн эрдэмтэн доктор Никки гишүүнэд агуулагдах бодисуудыг судалснаар хавдрын эсрэг шинэ эм гаргаж авч болно хэмээн таамаглал дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл хавдрыг шууд эмчлэх үйлчилгээтэй гэдэг нь зөвхөн таамаг төдий бөгөөд одоогоор яг баталсан зүйл байхгүй байна. Харин ч хавдрын үед буруу хэрэглэснээр сөрөг нөлөө үзүүлж байсан тохиолдлыг бүртгэжээ. Тухайлбал эмчилгээний зорилгоор их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэх үед хөнгөн болон хүнд хэлбэрийн дараах сөрөг нөлөө илэрч болно.
Гишүүнийн туулгах үйлчилгээнээс болж дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг тохиолдол зарим хүмүүст илэрч байжээ. Тиймээс хоолны дуршил буурч 2-3 хоногийн турш гүйлгэх зовиур илэрвэл эмчид хандах хэрэгтэй гэж зөвөлдөг байна.
Хэрэв эмчилгээний зорилгоор наймаас дээш хоног хэрэглэвэл яс сийрэгжих, бие сулрах, калийн дутагдалд орох, зүрхний хэм алдах хүнд хэлбэрийн зэрэг сөрөг нөлөөтэй. Навч нь их хэмжээний хурган чихний хүчил агуулдаг. Уг хүчлийг хүнсэнд хэрэглэж болохгүй. Хэрэглэвэл хор болно. Иш нь ч гэсэн бага хэмжээгээр хурган чихний хүчил агуулдаг. Тиймээс бөөрний өвчтэй, бөөрний чулуутай хүмүүс их хэмжээгээр хэрэглэх нь зохимжгүй ажээ.
Жирэмсэн эмэгтэй хэрэглэж болохгүй.
Учир нь умайн базлалт өгөх магадлалтай. Мөн элэгний өвчтэй, үе мөчний үрэвсэлтэй, бөөрний чулуутай, гормоны өөрчлөлтөд мэдрэг өвчинтэй хүмүүст (өндгөвчний хорт хавдартай, умайн булчингийн хоргүй хавдар) хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Бусад эмтэй хэрхэн зохицох вэ?
Айрагны төрөл бүрийн бэлдмэлүүд нь таны амаараа хэрэглэж буй эмийн шингэх явцад өөрчлөлт оруулах магадлалтай. Тиймээс Варфарин, Напроксен, Циклоспорин,Ибупрофен зэрэг эмийг хэрэглэж байхдаа гишүүнийг хүнсэндээ болон эмчилгээний зорилгоор бүү ашиглаарай.
Английн Шефэйлд Халлам Их сургуулийн эрдэмтэн доктор Никки болон түүний судпалгааны ажлыг талаар нарийвчлан судлах бол та бүхэн доорх линкээр орж сонирхоорой.