Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2024-10-24

ОЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН “ОЙГҮЙ ИХ” ТӨСӨВ

Ойн салбарын 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд Ойн салбарт нийт 45 тэрбум төгрөг төсөвлөснөөс 20 гаруй тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд, 25 орчим тэрбум төгрөгийг нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт зарцуулахаар төсөвт төлөвлөсөн талаар Ойн газрын албаны дарга мэдээлжээ. Тэгвэл энэ хөрөнгийг хэрхэн зарцуулж буй талаарх тус байгууллагын Шилэн дансны мэдээллийг шалгаж үзлээ. Мэдээллээс харвал тус байгууллага 155 байгууллагад 200 орчим удаагийн гүйлгээгээр 11.2 тэрбум төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ нь гэрээний төлбөрийн урьдчилгааны талаас илүү хувийг эзэлж байна.

"ТЭРБУМ МОД" ХӨТӨЛБӨРИЙГ 171 МЯНГАН ШИРХЭГ СУУЛГАЦААР СУРТАЛЧИЛНА

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтэд таниулах, сурталчлах, хамтран ажиллахад зориулж, 17 аж ахуйн нэгжид 18 удаагийн гүйлгээгээр 305.2 сая төгрөгийг шилжүүлээд байна. Энэ нь гэрээний гүйцэтгэлийн урьдчилгаа бөгөөд үлдэгдэл 37.7 сая төгрөгийг удахгүй шилжүүлснээр нийт 343 сая төгрөгийг тус хөтөлбөрийг сурталчлахад улсын төсвөөс зарцуулах юм. Эдгээр байгууллагуудын ихэнх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байв. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэлд зориулан сурталчилгааны зардлыг тооцож үзвэл хоёр настай нарсны 171 мянган ширхэг суулгац худалдан авах мөнгөтэй тэнцэх мөнгө юм. Үүн дээр нэмээд МУИС мөн “Тэрбум мод” хөтөлбөрийг олон нийтэд таниулах, сурталчлахад хамтарч ажиллахад 1000 сургагч багш бэлтгэх төсөв хөрөнгө шилжүүлэн авчээ.

“ОЙН II ЧУУЛГАН”-Д 433 САЯ ТӨГРӨГ ЗАРЛАГАДАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулах “Ойн II чуулган”-ы зардалд 23 байгууллагад 33 удаагийн гүйлгээгээр 378.4 сая төгрөг шилжүүлжээ. Гэрээний дагуу нэмэлтээр 54.9 сая төгрөг шилжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ үйл ажиллагаанд нийт 433.3 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ мөнгөөр ойн нөхөрлөлүүд наанадаж 433 га талбайд нөхөн сэргээх боломжтой аж. Ингээд Ойн II чуулган болон “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг сурталчлахад нийт 776 сая төгрөг буюу 0.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД 83.1 САЯ ТӨГРӨГ ӨГӨВ

Бүх нийтээр мод тарих өдөрт зориулж, зургаан байгууллагад есөн удаагийн гүйлгээгээр энэ оны  04.22-08.22-ны хооронд 83 сая орчим төгрөг шилжүүлэв. Гэрээний дагуу нэмж 3.7 сая төгрөгийг шилжүүлэх бөгөөд бүх нийтээр мод тарих өдөрт зориулж, 86. 9 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Бүх нийтээр мод тарихад зориулж, зөвхөн Ойн газраас ийм хэмжээний мод зарцуулжээ. Үүнээс гадна нийслэл хот, 21 аймагт орон нутгийн төсөв болоод иргэд, ААН-ийн хандив тусламжаар хичнээн хөрөнгө цугларч буй мэдээллийг нэгтгэх боломж хомс, энэ бүхэн дийлэнх нь үр дүн тодорхойгүй өнгөрч байна.

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХААР

ТЭРБУМЫН ГЭРЭЭ ХИЙЖЭЭ

Ой хамгаалалт, арчилгаа, цэцэрлэгжүүлэлтэд зориулж, 39 байгууллагад 2.1 тэрбум төгрөг шилжүүлсэн. Энэ гүйлгээ бол энэ хэсэгт багтах 39 байгууллагатай байгуулсан гэрээний төлбөрүүдийн 30-70 хувийн урьдчилгаа юм. Гэрээний төлбөрүүдийн үлдэгдэл 1.6 тэрбум  төгрөг бөгөөд энэ 39 байгууллагад нийт  3 812 719 544 төгрөг шилжүүлэхээр гэрээлсэн нь шилэн дансны баримтуудад тод харагдаж байна. Энэ 39 байгууллага нь Хил Хамгаалах Ерөнхий Газар тэргүүтэй Хилийн цэргийн ангиуд, Дархан, Баянхонгор, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхөнгай, Сүхбаатар аймгуудын БОАЖГазрууд, тэгээд сум дундын ойн ангиуд, бусад нь аж ахуйн нэгжүүд.

Дурдсан аймгуудын Байгаль орчин аялал жуулчлалын газруудад Цэцэрлэгт хүрээлэн байгуулахад дэмжлэг үзүүлэх урьдчилгаа 30 хувь гэсэн утгаар нийт 196 560 000 төгрөгийн шилжүүлэг хийсэн нь ойжуулалт гэхээсээ илүү бүтээн байгуулалтад ойн салбарын төсвөөс зарлагадсан мэт. Энэ байгууллагуудад үлдэгдэл 70 хувь болох 458.6 сая төгрөг шилжүүлнэ. Нийтдээ 655.2 сая төгрөг. Энэ мөнгө бол дээр дурдсан залуу нарсны суулгац 327 600 ширхгийг худалдан авч суулгах хөрөнгө…

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зурвас арчилгааны зардалд Хилийн цэргийн 0275-р ангид 33 250 000 төгрөг, ХЦ-0287-р ангид 24 220 000 төгрөг, ХЦ-0243-р ангид 16 100 000 төгрөг, ХЦ-0277-р ангид 6 440 000 төгрөг, ХЦ-0245-р ангид 12 880 000 төгрөг шилжүүлсэн байна. Хилийн цэргийн анги Ойн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг болоод мэргэжлийн чадавхтай эсэхийг хууль тогтоомжоор хэрхэн зохицуулсан байдаг юм бол? Гэтэл “ХХЕГазар СБАймаг” гэсэн утгаар 700 сая  төгрөгийг Ойн зурвас байгуулах ажлын урьдчилгаа 70 хувь гэсэн утгаар шилжүүлсэн.

Эдгээр Хилийн албаны байгууллагууд руу урьдчилгаа 70 хувь буюу нийлбэр дүнгээрээ 792.8 сая төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 339.8 сая төгрөг шилжүүлэхэд нийтдээ 1 132 700 000 төгрөгийг Ойн түймрээс хамгаалах зурвас байгуулах арчилгаа, ойн зурвас байгуулахад цэргийн албаны байгууллагаар дамжуулан зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Сум Дундын 10 Ойн ангид “Ойн арчилгаа, гэрэлжүүлэх, тохируулах хэл/огтлол хийх аж/урьд-70%” гэсэн утгаар 73 920 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний төлбөрүүдийн үлдэгдэл 30%-тай тэнцэх 31 680 000 төгрөгийг шилжүүлээд 105 600 000 төгрөг болох юм. Сум Дундын Ойн анги бол мэргэжлийн инженертэй, техникчтэй, материаллаг баазтай ойн мэргэжлийн байгууллага. Дээрх 10 ойн ангид хуваарилсан зардал нь хил хамгаалах чиг үүрэгтэй Хилийн цэргийн 6 байгууллагад олгосон зардлаас даруй 11 гаруй дахин бага байгаа нь гайхалтай.

Эдгээр 39 байгууллагад шилжүүлсэн 3 812 719 544 төгрөгөөр хэдэн ширхэг тарьц суулгац худалдан авч ургуулж болох вэ?

Тайлбар: Доорх хүснэгтэд “Ойн зурвас байгуулах ажлын урьдчилгаа 70 хувь ХХЕГазар СБАймаг”  гэсэн утгатай гүйлгээний шилэн дансанд байршсан мэдээлэл

ГАДААД ДОТООДЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ 139,9 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЭВ

Ойн салбарын мэргэжлийн байгууллагыг чадавхжуулах зардал гэсэн утгаар Ойжуулалт, ой нөхөн сэргээлт эрхлэгчдийн холбоо ГҮТББ-д эхний гүйлгээгээр 12,9 сая төгрөг, удаах гүйлгээгээр 5,5 сая төгрөг, нийт 18,4 сая төгрөгийг, Монголын Ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэлд эхний гүйлгээгээр урьдчилгаа 70 хувь болох 13,9 сая төгрөг, удаах гүйлгээгээр үлдэгдэл 30 хувь болох 5,9 сая төгрөг, нийт 19,8 сая төгрөг шилжүүлсэн. Мөн Байгаль орчны яаманд “А/174 Азийн ойн хамтын ажиллагааны /AFoCo/-ын гишүүнчлэлийн хураамж” утгатай хийсэн гүйлгээний дүн 101 591 460 төгрөг шилжүүлсэн байна.

Бид уг нь Монгол орны ойг чадавхжуулснаар Дэлхий нийтийн өмнө амласан амлалтдаа хүрч, Парисын гэрээгээр хүлээсэн нүүрстөрөгчийн ул мөрийг багасгаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэгтэй ч байгаа төсвөөрөө ойгоо бус төрийн бус байгууллагуудын санхүүг чадавхжуулах нь хэр зохистой вэ?

ЗӨВХӨН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД 512,3 САЯЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

7 иргэн 20 байгууллагад 28 удаагийн гүйлгээгээр 361.8 сая төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. Энэ нь Ойн нөхөн сэргээлтийн зураг төсөл, орон нутгийн ойг ашиглах судалгаа хийх, Модлог ургамлын нэрсийн жагсаалтыг шинэчлэх, Мод, сөөг тарьцын журмын төсөл боловсруулах, Нарс, үр боргоцойн стандарт боловсруулах, Үрийн палантаци байгуулах аргачлал боловсруулах зэрэг аргачлал, төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээнд зарцуулсан байна. Үлдэгдэл 30 хувь болох 150.5 сая төгрөг шилжүүлэхэд нийт 512.3 сая төгрөгийг энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээнд одоогоор зарцуулсан байна.

ДҮГНЭЖ ҮЗВЭЭС:

СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН, КОНТЕНТ БЭЛТГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРТ

682,4 САЯ ТӨГРӨГ

Сургалт зөвлөгөөн, Хэвлэл мэдээлэл, контент бэлтгэх, цахим үйлчилгээний төлбөрт 23 байгууллагад 24 удаагийн гүйлгээгээр 529 062 102 төгрөг шилжүүлсэн. Энэ зардалд парламентын мэтгэлцээн зохион байгуулах зардалд Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимд эхний гүйлгээгээр урьдчилгаа 70 хувь 12,4 сая төгрөг, удаах гүйлгээгээр үлдэгдэл 30% буюу 5,3 сая төгрөг шилжүүлсэн. МУИС-ийн харьяа Лицейд урьдчилгаа 8,1 сая төгрөг, Оргил медиа менежмент ХХК-д 7,2 сая төгрөг шилжүүлсэн нь “Бүх нийтээр мод тарих үйл “ажиллагааны өртөөчилсөн аяны бэлтгэл ажил гэх утгатай. Мөн Дижитал солюшнс ХХК-д 32,8 сая төгрөгийг “VR технологи ашиглах ойн ангиудын аж/чдыг чадавх-х сургалт 40%” гэсэн утгаар шилжүүлсэн нь зөвхөн урьдчилгаа нь, үлдэгдэл 49,2 сая төгрөгийг шилэн дансанд байршуулсан төлбөрийн хүсэлтийн дагуу шилжүүлэх бололтой. Эдгээр 23 байгууллагад нэхэмжлэлийн төлбөрийн үлдэгдэл болон 153 422 652 төгрөгийг шилжүүлснээр нийт 682 484 752 төгрөгийг сургалт зөвлөгөөн, хэвлэл мэдээлэл, контент бэлтгэх, цахим үйлчилгээний төлбөрт зарцуулж байгаа аж.

ДРОН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, АВТОМАШИН, СЭЛБЭГИЙГ

634,3 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВАВ

 

Нэр бүхий 8 компани руу хийсэн 10 удаагийн гүйлгээгээр нийт 634 398 667,1 төгрөг шилжүүлсэн. Бодь электроникс ХХК-иас компьютер техник хэрэгсэл 37,1 сая төгрөгөөр, Топ моторс ХХК-иас машины сэлбэг засвар 16.8 сая төгрөгөөр худалдан авсан. Мөн түүнчлэн Эрдэнэ-Энх трейд ХХК-иас гал унтраах өндөр даралттай насос 36,0 сая төгрөгөөр, Ой хээрийн гал түймэр илрүүлэх шаардлагатай багаж төхөөрөмж хошоодыг авсан бөгөөд нэгийг нь НАНОПЛАНЕТ ХХК 138,0 сая төгрөгөөр, нөгөөг нь ИНЖЕНЕРГЕОДЕЗИ ХХК-иас 45,0 сая төгрөгөөр тус тус худалдан авчээ. Дорнод Тамсаг ХХК руу “Афоко төсөл. Ой нөхөн сэргээх ажлын зориулалттай автомашин худ/а” гэсэн утгаар 169,0 сая төгрөг шилжүүлсэн. Бодь даатгалд “Тээврийн хэрэгслийн даатгал РД:6939368 Ойн газар” гэсэн утгаар 6404867 төгрөг шилжүүлж тээврийн хэрэгслийн даатгал хийлгэжээ. Мөн ИНЖЕНЕРГЕОДЕЗИ ХХК руу “А/177 Ойн хөнөөлт шавжтай тэмцэх зориулалтын дрон худ/авах” гэсэн утгаар 185,0 сая төгрөг шилжүүлжээ.

ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХЭД

6 ТЭРБУМ 721 САЯ ТӨГРӨГИЙГ ЦАЦААД БАЙНА

 Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбай 12,9 сая га. Монгол орны ойн санд 2022 онд 16 аймгийн 109 сумын нутаг дэвсгэрийг хамруулсан "Ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгаа" явуулахад 1.4 сая.га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт өндөр байгаагаас 729.8 мянган га талбайд нь голомтлон тархсан болох нь тогтоогджээ. Энэ жил үүний тал хувь буюу 300 мянга орчим га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэл хийхээр төлөвлөжээ. Ингээд

  1. 2024.06.25-нд ХАТАНФОРЕСТ ХХК руу “А/139 Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигчээр тэмцэх ажлын урьд-50%” гэсэн утгаар 989 750 000/есөн зуун наян есөн сая долоон зуун тавин мянган төгрөг шилжүүлсэн,
  2. 2024.06.25-нд ХАТАНФОРЕСТ ХХК руу “А/139 Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг аш-н тэмцэх ажлын урьд-50%” гэсэн утгаар 1 444 000 000/нэг тэрбум дөрвөн зуун дөчин дөрвөн сая/ төгрөг,
  3. 2024.06.25-нд НЬЮГРИЙНФОРЕСТ ХХК руу “А/126 Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах М/А-аар тэмцэх урь-50%” гэсэн утгаар 16 950 400/арван зургаан сая есөн зуун тавин мянган/ төгрөг шилжүүлсэн
  4. 2024.06.27-нд АГЛАГ ОЙ ХХК руу “А/127 Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуг-х мех аргаар тэмцэх урьд-50%” гэсэн утгаар 17 500 000/арван долоон сая таван зуун мянган/ төгрөг шилжүүлсэн,
  5. 2024.06/27-нд МӨНХ НОГООН ЖОДОО ХХК руу А/140 Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч аш-н тэмцэх ажлын урь-50% гэсэн утгаар 802 250 000/найман зуун хоёр сая хоёр зуун тавин мянган/ төгрөг шилжүүлсэн.
  6. 2024.07.25-нд ГРАНДФОРЕСТ ХХК руу А/208 Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажлыг урьд-50% гэсэн утгаар 1 230 000 000/нэг тэрбум хоёр зуун гучин сая/ төгрөг шилжүүлсэн,
  7. 2024.08.09-нд ЗАЛУУ ТӨГӨЛ ХХК руу “А/210 Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багжаар тэмцэх ажлын 50%” гэсэн утгаар 936 250 000/есөн зуун гучин зургаан сая хоёр зуун тавин мянган/ төгрөг шилжүүлсэн,
  8. 2024.08.09-нд ЗАЛУУ ТӨГӨЛ ХХК руу “А/214 Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажлын 36%” гэсэн утгаар 1 284 600 000/нэг тэрбум хоёр зуун наян дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөг шилжүүлсэн.

Нийт 6 тэрбум 721 сая 300 мянган төгрөг шилжүүлсэн, энэ бол зөвхөн урьдчилгаа 50 хувь нь.  Эдгээр компанид нэмж 7,7 тэрбум төгрөг шилжүүлнэ гэсэн үг. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд энэ жил нийт 20 гаруй тэрбум төгрөг зарцуулна хэмээн тус салбарын удирдлага мэдэгдсэн билээ. Одоогоор 14,4 тэрбум төгрөг энэ тэмцлийн ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд дахиад 6 тэрбум төгрөг зарцуулах аж. Энэ санхүүжилт бол зөвхөн төрөөс гарч буй зардал. Үүн дээр Рио-Тинто Монгол компаниас “Эрүүл ой” төсөл хэрэгжүүлж, Ойн салбарт 100 мянган га газарт агаарын хөлөг ашиглан Ойн хөнөөлт шавжтай тэмцэл хийх ажилд зориулж, 3 тэрбум төгрөг зарцуулж буй талаар эх сурвалж мэдээлж байна.

Ойн газраас 27 аж ахуйн нэгж, 500 хүний бүрэлдэхүүнтэй Ойн хөнөөлт шавжтай тэмцлийн ажил хийж байна гэж мэдээлсэн ч санхүүжилт хүлээж авсан байгууллага нь ердөө 6 байгууллага. “Хатант форест”, “Ньюгрийнфорест”, “Аглаг ой”, “Мөнхногоон жодоо”, “Гранд форест”, “Залуу төгөл”.

Нэр бүхий аж ахуйн нэгжийн гүйцэтгэгчид ойн ойролцоох жуулчны баазын хашаанд эрвээхэй барих төхөөрөмжөө байрлуулж, жуулчны баазын хашаанд эрвээхэй устгалын ажил хийсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ зуны хувьд Ойн хөнөөлт шавжийн идэвхжил эрчимтэй, ялангуяа Завхан, Архангай, Өвөрхангай болон Хэнтий, Дорнод аймгийн зарим сумын ой маш ихээр энэ хөнөөлт шавжид нэрвэгдэж буй талаар иргэд, олон нийтийн гомдол санал нийгмийн сүлжээгээр их гарсан. Тэгвэл тэрхүү хөнөөлт шавжтай шилэн дансаар шилжүүлэг хийх байдлаар л идэвхтэй тэмцэж байна. Ойн газрын даргын мэдээлснээр 20 гаруй тэрбум төгрөгийг хөнөөлт шавжтай хийх тэмцэлд зарцуулахаар төсөвт төлөвлөсөн гэж мэдээлснийг дээр дурдсан. Харин Монгол орны ой дах хөнөөлт шавжийн тоо толгой 20 тэрбумаас их үү, бага уу гэдгийг мэргэжлийнхэн өөрсдөө мэдээлээгүй байна.

Ойн газраас мэдээлснээр улсын төсвөөс батлагдсан 45 тэрбум төгрөгийн төсөв дээр 21 аймаг, нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс тэрбум мод үндэсний хөтөлбөр, ойжуулалт-цэцэрлэгжүүлэлт, ойн хөнөөлт шавжтай тэмцлийн ажил хийхэд зориулж, тус бүрдээ үлэмж хэмжээний төсөв баталсан байдаг бөгөөд энэ талаар улсын хэмжээнд нэгдсэн дүн мэдээлэл байхгүй байна.

Ойн салбарын 100  жилийн ойгоор урьд өмнө нь байгаагүй өндөр төсөв батлуулсан ч ойд биш ондоо зүйлд ихэнх нь зарцуулагдаад дуусах юм биш биз. 

45 тэрбум төгрөг бол 15 сая ширхэг зулзаган тарьц худалдаж авах хөрөнгө билээ.

Ойгоо ашиглаж амьдардаг нутгийн иргэдэд түшиглэн ойн нөхөрлөлийг ой арчлах аргад сургаж, тэдний хүч оролцоонд тулгуурлан технологийнх нь дагуу цаг хугацаанд нь тэмцлийн ажил хийвэл үр дүнтэй, зардал багатай байх боломжтой.

 

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хамтын бүтээл:

Архангай О.Амарзаяа

Баян-Өлгий Н.Оспан

Хэнтий: Ц.Чойжамц

 

120   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох