БОР ТАЛЫН РАШААНЫГ ХАЙРЛАХ ХАРАМЛАХАА ДЭНСЭЛБЭЛ
Хот газраас хөдөөд аялан яваа бидний хэдэн нөхөд хаана очиж хэрхэн зугаацах талаар хөөрөлдөн буйд бидний нэг болох Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул: - Нэгэнт бүгдээрээ манай нутагт яваагийнх би та нарыг нутгийнхаа сор болсон нэг газарт аваачъя. Манай энд нэг халуун рашаан бий, уул төрх нь яг л онгон дагшнаараа, Цэнхэрийн халуун усны рашааныг зах зээлд алдан, өөрсдөө ашиглаж чадахгүй болсондоо хаширсан нутгийн иргэд хэнд ч өгдөггүй, амралт сувиллын газар болгон ашиглуулдаггүй, яг л дээр үеийнхээрээ модон баннтай хэвээрээ байдаг. Би та нарт үзүүлье гэлээ. Уйдсан бид ч сонирхон, усанд орох бэлтгэлээ базаан, рашаан үзэхээр явав.
Монгол орны аялал жуулчлалын төв бүс нутгийн нэг нь Архангай аймаг бөгөөд байгалийн унаган тогтоц, ганган үзэмжээрээ аялан зугаалах олны сонирхлыг татдаг. Түүн дотроо Цэнхэр сум Хангайн нурууны ноён оргилоос эх авсан олон халуун рашаантай. Цагаан сүмийн, Цэнхэрийн халуун усны рашаан нь түмэнд танигдсан, олон хөлийн газар. Гялааны, Бор талын халуун рашаан нь өөр хоорондоо 5км зайтай, нутгийн иргэд сайн мэддэг ч олонд төдийлэн танигдаагүй. Шүлтлэг рашаан, халуун бүлээн нь шууд ороход яг таарсан 40 орчим градус халуун, уг рашаан үе мөч, нуруу, бөөр, сав, өндгөвч, давсаг, түрүү булчирхайн үрэвсэлт өвчинг илааршуулах, үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй гэгдэх бөгөөд сүүлийн үед харшлаас үүдэлтэй арьсны хуурайшилд сайн хэмээн хүн зон олноор зорин ирж, эмчилгээний журмаар хэрэглэдэг. Бор талын рашаанд орох зориулалттай хоёр модон банн байдаг, харин Гялааны рашаанд паалан банн тавьсан байдаг, түүнд рашаанаа тосон гоожуулж цээжнээс доод хэсгээр 15 минут сууж ордог.
Бид Бор талын халуун рашаанд ирлээ. Банныг нь үзэж сонирхов. 6 сарын эхээр байсан тул рашаанчид хараахан ирээгүй, удахгүй нутгийн иргэд энд гэр барьж эхэлнэ. Нэг гэрийг 50 мянган төгрөгөөр түрээслэхэд, сардаа 1,5 сая төгрөг олно. Хоёр сар болоход хөөрхөн мөнгө олоод байх юм байна гэлцэн хөгжүүн байтал хоёр мотоциклтэй хүн ирлээ. Нутгийн малчид зусландаа нүүх бэлтгэл хийж явна хэмээн ганзагалаж яваа шуудайгаа сэгсчин асгаж, хир даг болсон өмд цамц, дээл, оймс, дотуур өмд бөндөгнүүлэн гаргаж ирээд нөгөө рашаанд угааж эхэллээ. Эхнэр угаалга хийх зуур нөхөр нь усанд орно хэмээгээд баннтай модон амбаарт орж явчив. Нөгөө айл нь гэрийн бүрээс гарган усанд дэвтээж буй бололтой. Нөхөр нь мөн л усанд орохоор явав. Энэ үйлдлийг харсан бид цочирдлоо. Хотынхон хөдөөнийхэнд заах дуртай хойно, манай хоёр эмэгтэй “хэл ам хийх”-ээр угаалга хийж буй бүсгүйчүүдийн зүг яаравчлав. Үлдсэн хэд нутгийн найзын зүг асуултын харц шидээстэй. Нутаг рашаанаа баахан магтсан мань эр жаахан хулмалзах. “Хэл ам хийгчид” эргэн ирээд, - Хө ёстой тоохгүй, манай нутгийнхан аль эртнээс бүгдээрээ ингэж угааж ирээд болсон юм. Яр шарх гарсан, лус хорлосон юм алга. Харин ч биднийг юм угаахаар лус баярладаг гэж манайхны настангууд хэлдэг. Угаасаа ингэдэг юм аа, гэнээ. Ёстой тоохгүй байна гэж гомдсоор ирэв. Биднийг шүүмж “базаж” зогсох зуур усанд орсон эрчүүд хэргээ бүтээн усаа юүлэв бололтой, рашааны дээрээс хөөстэй ус шаагин урсаж, наранд гялтаганан байсан рашааны тунгалаг ус савангаар сааралтлаа. Энэ бүх угаалга рашааны эхээс ердөө 5-10-хан метрт хийгдэж байлаа. Үүнийг харсан бидний, халуун рашаанд суун жаргах хүсэл унтарлаа. Гэхдээ бас яахав ээ, нэгэнт ирснийх гэлцэн хөл шагайгаа дүрж үзээд буцацгаав.
Харин үүний дараа өвөл үе үехэн өвдөөд байсан өсгий, шагайн зовиур илт багасан, бараг мартагдах шахам болсныг анзаарав. Рашааны эмчлэх чанарт биширсэн би түүнээс хойш жил дараалан тэр рашааныг зорих болсон. Харин рашаанд орох бүх л хугацаандаа нутгийн “угаагч, усанд орогч” нартай “хэл ам хийнэ”, ухуулах сэнхрүүлэхийг оролдоно.
… Цэнхэр багийн байгаль хамгаалагч иргэн: - Рашаанд хувцас, хир бохироо угаахгүй байхыг иргэдэд байнга сануулдаг ч үг авахгүй юм. Ус сайхан халуун, мөн хужирлаг чанартай учраас тос даарь сайн арилгадгийг ашиглан амарчлах нь элбэг байна. Болбол усны талаар мэдлэг мэдээлэл сайтай эрдэмтэн, эмч хүмүүсээр даацтайхан мэдээлэл түгээж, зөв мэдлэг түгээмээр байна.
Иргэн Д.У: - намайг бага байхын л энд угаалга хийдэг байсан. Одоо энд ирсэн иргэд хүүхдийнхээ хувцсыг голлон угааж байгаа бол хавар намрын нүүдлийн үеэр шуудай шуудайгаар нь орны хэрэгсэл, гэрийн бүрээс, хөшиг, саалийн дээл зэргээр том юмаа авчирч угаадаг.
Амрагч Ё.А: - Бид энд эмчилгээ бодож ирсэн. Хүүхдээ, мөн настай ээжээ рашаанд оруулдаг. Гэтэл нутгийн иргэд саван, шампунь хэрэглээд халуун усанд орчих юм. Усыг айхавтар бохирдуулдаг. Хянах хяналт үнэндээ алга. Ядаж ганц жижиг самбар, мэдээлэл өгөх алгын чинээ цаас ч алга даа. Үхэр мал рашааны хөлийн бохироор бэлчдэг болохоор бид ойр хавийн малчин айлаас сүү, цагаан идээ авахаас цааргалдаг.
Рашаан уух, рашаанд орох дэг жаяг нарийн. Хангайн нуруу дагасан халуун хүйтэн олон рашаан байдгаас Архангайнхан рашааны дэгийг сайн мэддэг. Гэтэл Цэнхэр сумын Цэнхэр багийн иргэд энэ рашааны шүлтлэг халуун усыг хир буртгаа угаах угаалгын газар болгон ашигласаар ирсэн нь рашаанд хандах зөв хандлага огтоос биш. Гэртээ хийх угаалгын ажлаа хөнгөвчлөх, бэлэнчлэх арга юм. Энэ учир зорилгоор эмчилгээний шимт чанарыг нь зохих байдлаар ашиглахыг хүсэхгүй, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахгүй мөртлөө “рашаанаа ашиглуулахгүй хамгаалж чаддаг” эх оронч баатрын дүрийг дөвийлгэн хөөрөх энэ нутгийн малчид байгалиа хамгаалаад байна уу, өөрсдийн явцуу эрх ашгийн нүдээр харамлаад байна уу?
2022 онд нэгэн иргэн Бор талын рашааны ойр орчмын малчид байгаль орчиндоо хэрхэн хайр гамгүй хандаж, бохирлож байгаа талаар бичлэгийг нийгмийн сүлжээнд мэдээлжээ. (бичлэг үзэх холбоос ://www.facebook.com/watch/?v=433976785437932)
Үүний дараа нийгмийн сүлжээнд уг мэдээллийг харсан иргэд маш ихээр дургүйцлээ илэрхийлсэнд сумын удирдлага анхаарч, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийн бие засах газар, хог хаях торон хаалт, төмөр хашаан хаалт хийжээ. Гэвч нутгийн иргэд угаалга хийсээр, орчноо бохирдуулсаар, усны цэвэр байдлыг алдагдуулсаар байна. Рашааны хөлд уг бохир ус хуримтлагдаж, бохир лаг үүссэн, тэр нь хүрээгээ тэлж буй харагддаг. Энэ бохир урссаар жижиг горхинд нийлж, улмаар Цэнхэрийн голд цутгадаг.
Иймд Усны тухай хуулийн 4.2-т заасан “Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана” заалтыг мөрдлөг болгон уг рашааныг зүй зохистой ашиглах талаар баг, сум, аймгийн засаг дарга нар эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гарган рашааныг бохирдлоос хамгаалах хэрэгтэй байна. Үүний тулд нэн тэргүүнд рашааны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийг тогтоох, эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг хуулийн дагуу тогтоох, бүсийн хил, заагийг мэдэгдэхүйцээр тэмдэглэх, хашиж хамгаалах хэрэгтэй юм.
“Нутгийн иргэд энэ рашааныг ашиглах давуу эрхтэй” хэмээн үзэж байгаа бол хуулийн дагуу рашааныг ашиглагч болох хүсэлтээ гарган, рашааны нөөцийг тогтоолгон, сумын засаг даргатай рашаан ашиглах гэрээ байгуулан ажиллах, үүний дараа Рашаан ашиглах журмын дараах заалтыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
3.11.Рашаан ашиглагч нь хаягдал ус цэвэрлэх, дахин ашиглах барилга байгууламжтай байх бөгөөд ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл үйлчилгээнээс гарч буй хаягдал усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх бол Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бол Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага. MNS 6561:2015 стандартад нийцүүлэн цэвэрлэх үүрэг хүлээнэ.
3.12.Рашааны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийг тогтоогоогүй бол үйлдвэрлэл үйлчилгээ, сувиллын үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
4.3. Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч хүн, хуулийн этгээд ус бохирдуулсны төлбөр төлнө.
Тухайн орчинд хэдэн үеэрээ идээшин суурьшсан, байгалийн ашиг шимийг хүртэж ирсэн уугуул иргэд нь хамгаас илүү хайрлан хамгаалах ёстой атал өөрсдөө уриалан усны сав газрыг бохирдуулан, дураараа дургиж буй энэ үйлдлийг таслан зогсоох эрх зүйн орчин байсаар байтал нүдэн балай, чих нь таг суудаг, хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий засаг захиргааны нэгж, албан хаагчдыг хариуцсан ажилдаа санаачилгатай хандахыг шаардаж байна.
Р.ОЮУНБИЛЭГ
----------------------------------------------------------------------------------------------------
Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг Breathe Mongolia - Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.
This piece was produced as part of the journalist’s participation in the Environmental Journalism Fellowship Program (EJFP). EJFP is being implemented by the non-profits, Breathe Mongolia - Clean Air Coalition and Green Dot Climate in partnership with the Green Planet Club of environmental journalists at the Press Institute of Mongolia. The Program is funded by the implementers, the U.S. Embassy in Mongolia, and Internews’ Earth Journalism Network with the support of the Swedish International Development Cooperation Agency (Sida). Responsibility for the piece rests entirely with the journalist. EJFP’s implementers and funders do not necessarily share the expressed views and interpretations.