ХҮН СОНГОХ УУ, МӨРИЙН ХӨТӨЛБӨР, АМЛАЛТ СОНГОХ УУ
Сонгууль бүрийн өмнө чихний үзүүрт “- Ёо дахиад л сонгууль, үзэх юм ч олдохоо байлаа” ... гэх ундууцал сонсогддог. Сонгуулийн сурталчилгаанд ундууцах бус харин найрсгаар баярлан угтаасай, цаг гарган анхаарч үзээсэй гэх сэтгэлээр үүнийг үзэглэвэй.
Хуулийн зохицуулалтаар олон нийтийг залхаах энэхүү сурталчилгаа ердөө 18-20 хоног үргэлжилдэг. УИХ, орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж, санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэсэн заалттай. Өнөөдөр бороо орвол нар гараасай, хоёр өдөр нар гарвал “шатаж үхлээ” гэдэг хувьсамтгай зангаар хандах нь бидний хэвшил. Гэтэл сонгуулийн сурталчилгааны 17 хоногт хэнэггүй хандсанаас ирэх 4 жилд нь хүсээгүй сонголтонд тулгагддаг, засгийн шийдвэр таалагддаггүйгээс бухимдах тохиолдол байдаг.
Сонгогч бид нэр дэвшигчийн гарын бэлгийг дэнсэлж, нэрээ дурайлгасан том сайхан аяганд нь нүд хууртаж суухын оронд улс төрчийн санал болгож буй мөрийн хөтөлбөртэй маш сайн танилцаж учрыг нь олох ёстой. Мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх эрхийг өгөхийн тулд бид сонголт хийдэг. Бүх хүнд танил болсон “цалинтай ээж” хөтөлбөрийг жишээ болгон авъя.
2016 оны сонгуулийн үеэр олны анхаарлыг татсан хамгийн хүнд асуудлын нэг нь цэцэрлэгийн хүртээмж, бага насны хүүхдийн асаргааны хүртээмж байсан. МАН-ын мөрийн хөтөлбөрт нөхцөл байдлыг ийнхүү тодорхойлсон, “2015 оны байдлаар 91700 эх гэртээ хүүхэд асарч байгаа статистик мэдээ гарчээ. Энэ үзүүлэлтээр 0-2 насны хүүхэдтэй 240000 эхээс 38% нь буюу 3 эх тутмын нэг нь хүүхдээ асраад ажил эрхлээгүй, орлогогүй байна. 2015 оны байдлаар 225 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, харин 36 мянган хүүхэд цэцэрлэгээс гадуур гэртээ хүмүүжиж байна.” гэжээ. Үүнийг анхаарсан МАН болон АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг шийдэх арга замыг хоёр өөрөөр гаргаж ирсэн.
МАН “Бид ингэж шийднэ” мөрийн хөтөлбөртөө дараах амлалтыг өгсөн.
1.1.15. Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, цэцэрлэгийн чанар, хүртээмж, материаллаг баазыг нэмэгдүүлнэ.
1.1.16. Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан байгууллагын цэцэрлэгийг татварын бодлогоор дэмжинэ.
1.1.17. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар “цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэжээ.
Үүнийг АН-ын мөрийн хөтөлбөрт тусгахдаа:
• Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, гэрийн сургалтын хэлбэрээр өргөтгөж, хамран сургалтыг 100% -д хүргэнэ.
• Удаан хугацаагаар гэртээ хүүхэд асарч, ажил эрхлээгүй эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эхчүүдийг төрийн байгууллага томоохон аж ахуйн нэгжүүдээс боломжит ажил үйлчилгээг туслан гүйцэтгүүлэх, нийгмийн идэвхитэй амьдралд татан оруулах, ажлын уян хатан нөхцөл бүхий цагийн ажил хөтөлбөр хэрэгжүүлэх болно гэсэн амлалтыг тус тус өгчээ.
2016 оны Их хурлын сонгуульд МАН нам олонхын санал авч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжоор хангагдсан. “Цалинтай ээж” хөтөлбөр 2018 оны 1сарын 1-ний өдрөөс хэрэгжих шийдвэр гарсан. Харин энэ амлалт ээжүүдэд цалин болж ирээгүй, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж сарын 50 мянган төгрөг болж ирсэн. 2019 оны байдлаар 204,5 мянган ээж “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ч өнөөдрийн байдлаар энэхүү хөтөлбөрийг шүүмжлэх нь нэмэгджээ. Учир нь ээжүүдийн гарт ирдэг 50 мянган төгрөг “цалин” гэж нэрлэгдэх хэмжээнд дөхөхгүй орлого болохыг ээжүүд батлан хэлж, эсэргүүцэх жагсаал хүртэл зохион байгуулсан. Одоогоор гэртээ бага насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд жинхэнэ “цалин” болох орлого дэмжлэг үзүүлэхийг хуульчлах хуулийн төсөл санаачлах талаарх санал хураалтанд 102,805 хүн дэмжин оролцжээ.
Бидний аж амьдралд нөлөөлөх чухал амлалт, шийдвэр сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байдаг тул хожим хойно нь харамсаж, эсвэл эсэргүүцэж суухгүйн тулд анх амлаж байх үед нь нухацтай судалж, мэдэж, ярьж хэлэлцэх хэрэгтэй.
Сурталчилгааны 17 хоногт ирээдүйд таныг юу хүлээж болохыг судалж мэдэх нь чухал ач холбогдолтой юм.
Р.Оюунбилэг