Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2024-03-01

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХАНГАЙ СУМААС ЭХЛЭВ

Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын газар 2 жилд 1 удаа сумдад хүүхэд хамгааллын асуудлаар явуулын үйлчилгээг үзүүлж, зөвлөн тусалж ажилладаг байна.

Хангай суманд ирсэн явуулын үйлчилгээний зорилго нь сумын Хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн гишүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхдүүд, эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлтийг шууд болон судлан шийдвэрлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэжээ.  

Энэхүү үйлчилгээ нь 2-р сарын 26-наас 3-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Чулуут, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Булган, Эрдэнэбулган гэсэн 10 суманд хүрч ажиллах ажээ.

Энэ удаагийн зөвлөн туслах үйлчилгээ нь хүүхэд, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн гэр бүлийн сэтгэл судлалын тэнхмийн багш Доктор, Проф. Х.Баавгайг урьж, зорилтот хүүхэд, эцэг, эх, багш, албан хаагч, мэргэжилтнүүдэд сургалт хийж байгаагаараа онцлог юм. Тэрээр сумын хүүхдийн төлөө зөвлөл, Хамтарсан багийн гишүүд, төрийн албан хаагчдад “Хүүхдийн эрхэд суурилсан хандлага, үйлчилгээний онцлог” сэдвээр, эцэг, эх, асран хамгаалагч нарт “Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг, эхийн үүрэг, оролцоо чухал болох нь” сэдвээр, ЕБС-ийн 6-9-р ангийн сурагчдад “Бид шинэ зууны Z үеийнхэн” сэдвээр, сургууль, цэцэрлэгийн багш нарт “Шинэ зууны багш нарын ур чадвар, хандлага” сэдвээр мэдээлэл өглөө.

Багш Доктор, Проф. Х.Баавгай: 6-9-р ангийн сурагчид “Z үед хамаарна. “Z үеийнхний ихэнх нь хатуу дүрэм, журам, шүүмжлэлд дургүй, өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг. “Z” болон “Альфа” үеийнхнийг Дэлхийн хэмжээнд харьцуулж болдог онцлогтой. Харин Монгол орны нөхцөлд сэтгэлгээний хувьд ялгаатай байдаг. Гадаадын оронд хүүхдүүд хичээлээс бусад цагийг өөрийгөө хөгжүүлэх цаг гэсэн ойлголттойгоор нарийн төлөвлөж, өнгөрөөдөг. Гэтэл Монгол хүүхдүүд хичээлээс гадуурх цагийг чөлөөт цаг хэмээн ойлгож, хэвшсэн байдаг. Иймд нөхцөл байдалд тохируулж харьцах нь зүйтэй юм гэлээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг: Явуулын үйлчилгээгээр хэрэгжүүлэх арга хэмжээний цар хүрээ, хүртээмжтэй байдлыг сайжруулахад анхааран ажиллаж байна. “Малчны хотонд хүүхэд” 1 сарын аянг эхлүүлээд 7 хонож байна. Манай байгууллагын ажилчид 1 өдрийн цалингаа хандивлаж, дэмжлэгийн багцаа бүрдүүлсэн. Хангай сумын эрсдэлт нөхцөлтэй, архины хамаарал бүхий 2 өрхөөр орж, нөхцөл байдалтай танилцаж, гэр бүлд нь дэмжлэгийн багцыг өглөө. Зудын гамшгийн хүнд нөхцөлд буй гэр бүлийн 10 хүүхдэд дэмжлэгийн багцыг хүргэв. Дотуур байрны хүүхдүүдтэй уулзана. Тус сум нийгмийн бодлогын мэргэжилтэнтэй болсноор гэр бүл, хүүхэд хамгааллын ажил сайжран, туршлагажиж байгаа гэв.

Сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.Дарьганга: Миний ажил гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийнхний дээрэлхэлт гэх мэт зөрчилтэй асуудлуудтай нүүр тулж, өдөр шөнөгүй дуудлагаар ажиллаж байдаг хүндхэн мэргэжил юм. Мөн иргэдийн сайн сайхан, аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилан сэргийлэх болон хуулийн мэдлэг, эерэг хандлагатай байх зөвлөгөө өгөх зэрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүдтэйгээ байнга холбогдож, нээлттэй ярилцан, заавар, зөвлөгөө авч, хамтран ажилладаг. Явуулын болон зөвлөх үйлчилгээ, холбогдох сургалт, газар дээр нь ажилласнаар кейсийн үр дүнг сайжруулах зэрэг ажилд ихээхэн туршлага хуримтлуулахад дэмжлэг болж байна. 2023 оны хийсэн ажлаас дурдвал сумын Цагдаагийн хэсэгтэй хамтран ярилцлага хийх, сургалт явуулах өрөөг зөвлөн туслах үйлчилгээнд зориулж тохижуулан ашиглаж байна. 2024 онд хамтарсан багийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 9 зорилт, 19 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.   

Архангай медиа группийн Хангай сум дахь сурвалжлагч П.Баттулга

471   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох