Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2024-02-05

МОНГОЛ ШУУДАН ХААЧЧИХАВ АА?

“Архангайн амьдрал” сонины редакциас сумдын шууданч нартай холбогдож, хэвлэл түгээлтийнхээ араас ярих бүрт: “Сонинг чинь тараахгүй шүү. Бид ямар цалин авдаг биш, илүү ажил хийхгүй...” гэж бараг бүх шууданч өгүүлэл тавьдаг. Сонин хугацаа алдаж ирдэг, заримдаа бүр ирдэггүй гэх гомдлыг захиалагчид байнга гаргасаар...

Энэ асуудал засрах нь байтугай ужгирч, гомдлын тоо нэмэгдэж байгаа тул редакциас ойрын сумдад очиж, шуудангийн үйлчилгээг сурвалжиллаа.

ЦООЖТОЙ...

Архангай аймаг. Цэнхэр сум. 2024 оны 2-р сарын 2. 12.00 цагийн орчим.

Шууданчтай уулзахаар сум бүрт байсан хуучин холбооны газрыг хайж, антеннууд байрлуулсан цамхгийг багцаалдан очив.

Цэнхэр сумын захиргааны баруун хойд талд байх модон бор байшин, цоожтой хаалганууд. Төмөр торон хашааны цаанаас ажиглавал эртний дүнзэн байшин ба сүүлд барьсан бололтой чулуун байшингийн завсраар “Монгол шуудан – Үзүүргүй хязгаарт өртөөлөн хүргэнэ” гэсэн хаягтай, будаг нь мэдэгдэхгүй шахам болсон, төмрөөр дарж цоожилсон хаалга харагдана. Тэнд нэг өрөө л байгаа бололтой, хагархай цонхонд нь мод хавчуулжээ. Хичнээн ч жил хүн ороогүй байх магадлалтай...

Наах шахам зэрэгцүүлэн барьсан байшин Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийх аж. Нөгөө дүнзэн байшингийн нүүрэн талын хаалган дээр “Монголсат – Борлуулалтын цэг” гэсэн хаяг хаджээ...

Ойрхноор нь сумын захиргаа орлоо. Бичиг хэргийн ажилтнаас шууданчийг сураглаж, бас хэд гурван асуулт асуухад:

Шууданч сургуулийн нярваар ажилладаг болсон байна лээ. Шууданчаараа сүүлийн 4,5 жил ажиллаж байгаа байх аа. Сонин хэвлэл сард 2 удаа л ирдэг. Манайх ойрхон сум болохоор аймгаас албан бичгийг хувийн унаанд дайгаад өөрсдөө авчихдаг. Ер нь шуудантай харьцах нь ховор. УБ-аас бичиг тоот ирвэл 20-иод хоногийн дараа ирдэг. Шуудангийн тэр байранд МХС, МЦХК-ийг давхар хариуцдаг нэг залуу суудаг, бараг суудаггүй, хувиараа юм хийдэг юм билээ...гэхчлэн ярилаа.

Захиргаанаас гарч сургуулийг зорив. Шууданч гэлтэй нь биш, нярвыг сурагласаар олж уулзав.

Г.Нүүгиймаа сумын шууданчаар ес дэх жилдээ ажиллаж байгаа ажээ. Түүний өмнө олон хүн солигдсон гэлээ.

Ажлын анхны гараагаа шууданчаас эхэлсэн залуухан бүсгүй тэрээр: Цалин гэж 132,000 төгрөг авдаг. Гэхдээ янз бүр олгодог. Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг юм байна лээ. Үндсэн ажил маань сонин тараана, бичгийн цаас зардаг, банкны карт түгээнэ, албан бичиг ирвэл тараана. Сургуульд нярваар 2023 оны 8-р сарын сүүлээр орсон. Монгол шуудангаас давхар ажил хийхийг зөвшөөрдөг. Нярвын цалин хамаагүй илүү. Шууданчийн ажлаасаа хэд хэд гарч, ороод л яваад байгаа. Дундуур нь ШТС-д ч ажиллаж үзсэн...гэхчлэн ярих зуур бид түүний харьяалагддаг ажлын байрны гадаа ирлээ. Мөн л цоожтой. Хэзээ онгойдог нь тодорхойгүй хэвээр. Бүсгүй: “Хоёр жилийн өмнө юу ч билээ зөөх гэж орсон” гэж түгдэрнэ...

-Сонин болон бусад шууданг ямар давтамжтай, хэрхэн хүлээн авдаг вэ?

-Аймгаас таксигаар явуулдаг. Тогтсон нэг такси биш, ямар ч хамаагүй машинд явуулдаг. Заримдаа Монгол шуудангийн хүргэлтийн машинаар ирдэг. Долоо хоногт тогтсон өдөргүй, янз бүр ирдэг. Өчигдөр /пүрэв/ 17.00 цагт шуудан авсан. Өнөөдөр заваараа тараана даа гэв.

Тэрээр шууданчийн ажилд анх орохдоо л гэртээ ажиллаж эхэлсэн. Ажил хүлээлцэхэд ямар ч эд хөрөнгө хүлээж аваагүй гэлээ.

ДЭЛГҮҮРЭЭС ДЭЛГҮҮРИЙН ХООРОНД АЖИЛЛАЖ БАЙНА

Архангай аймаг. Ихтамир сум. 2024 оны 2-р сарын 4. 11.25 цаг.

Шууданчийн утсыг олж ярьснаар уулзах зөвшөөрөл авч, Ихтамир сумыг зорив. “Хулан” дэлгүүр дээр ирээрэй гэснээр тэнд уулзлаа. 

Д.Норовпил аймгийн Шуудан үйлчилгээний газарт ажилд орж, шууданчийн ажлыг хүлээж аваад 10 сар болж байгаа ажээ.

Сумын ИТХ-ын төлөөлөгчийн сонгуультай тэрээр шууданчийн ажлын бэрхшээлийг ний нуугүй ярьж өгсөн юм.

Түүний яриа:

...Долоо хоногт даваа, мягмар, лхагва гаргийн аль нэгэнд шуудан ирдэг. Ирсэн орой нь утсаар ярьж, банкны карт, моби захидал, шүүхийн бичиг зэргийг эзэнд нь мэдэгдэнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд гар дээрээ 130-150 мянган төгрөг авдаг. Бичгийн цаас, ОО цаас, принтерийн хор зэргийг заруулдаг. Сүүлд Тэрбишийн календарь 5ш-ийг зар гэж ирсэн. Бас “Монголчуудын амьдрал”, “Дэлхийн монголчууд” гэдэг сонинг 3500 төгрөгөөр зар гэж тус бүр 10ш-ийг ирсэн. “Өдрийн сонин” ганц нэгхэн ирдэг.

Анх ажилд орохоор болохдоо ийм бага цалинтай гэж мэдээгүй, гэрээ хийхэд аймгийн шуудангийн дарга “бага цалинтай шүү” гэж хэлсэн. Ачаалал, дарамт, хариуцлага ихтэй ажил мөртлөө яагаад ийм бага цалинтай байгаа юм бэ, аудит оруулна шүү гэдэг асуудлыг хөндсөн. Юунаас болоод цалин бага байдаг, НДШ төлдөг гэдгийг дээд байгууллага л мэднэ гэдэг.

Ажил авахад юу ч хүлээлцээгүй. Дэлгүүрээс дэлгүүрийн хооронд ажил хүлээлцсэн. Миний өмнө 20 гаруй жил шууданчаар ажилласан Оюундэлгэр эгч “Норжим” дэлгүүрт ажлаа хийдэг байсан. Одоо би ч бас дүүгийнхээ дэлгүүр дээр шкафанд нь шуудангаа хадгалдаг. Банкны картыг л алдчихвий гэж айдаг.

Иймхэн цалингаар яаж амьдрах в дээ. Зундаа гуанз, өвөлдөө дээл оёж, янз бүрийн л ажил хийж байна даа. Шуудангийн газраас биднийг анхаарч, анзаардаг юм байхгүй. Сургалт, уулзалт хийдэггүй, мэдээллээр хангадаггүй. Хувиа бодоод дуугүй явмааргүй байна. Манай тойргийн Тэмүүлэн гишүүн ирвэл хэлнэ ээ...гэж нэлээд шийдэмгий хэлэв.

-Сонин хэвлэл түгээж явахдаа ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Хүндрэл гардаг уу?

-Хүмүүс сонин, сэтгүүл уншихдаа их хойрго болжээ. Тэр дундаа манай төрийн албан хаагчдад муухай хандлага байна. “Өө наад сониноор чинь яадаг юм бэ. Сошиалд бүх мэдээлэл байхад, авахгүй, захиалахгүй” гэдэг. Тэрийг нь сонссон иргэн юу бодохов, тархийг нь буруугаар л угаана ш дээ. Сонин бол бууз банш биш, түмэнд түгэх ёстой мэдээллийн чухал хэрэгсэл гэж ойлгодог. Фэйсбүүк устчихвал юунаас мэдээлэл авах юм бэ?...

Дэлгүүрийн гадаа машин дотор ийм яриа өрнөсөн юм.

Ихтамирын шууданчийн ажлын байр мөн л гэр нь. Энэчлэн бүх сумын шууданчийн асуудал ижил.

Монгол шуудан суманд “дампуурсан” гэдгийг дээрх хоёр шууданч дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм.

Үзүүргүй хязгаарт өртөөлөн хүргэх уриатай Монгол шуудангийн үйлчилгээг хөдөөд хайвал олдохгүй болсон нь нэгэнт бодит байдал болжээ.  

/Үргэлжлэл бий.../

О.АМАРЗАЯА

 

467   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох