Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЭНТЭРТАЙНМЭНТ   2019-05-30

ТӨРСӨН НУТАГ

Дагвасамбуугийн ДЭНСАМБУУ

ТӨРСӨН НУТАГ

Манан будан нь татраа нь үгүй

Майдар, Тайхар хөшөөтэй

Мөнгөн долгио нь шингэрээ нь үгүй

Гурван Тамирын шогшроотой

Амбан ноёныг сөгдүүлсэн

Буурал Цагаан даваа минь

Цэмбэн үүлс хөширсөн

Бурхант уулын бараа минь

       Ай чи төрсөн нутаг минь билээ

       Арын сайхан хангай минь билээ

Хүлгийн шандас нь цуцаа нь үгүй

Дайр борын домогтой

Хүчтэний тэнхээ нь буураа нь үгүй

Бөх модны цомогтой

Суудал нь зэрэглээнд займрах

Суварга хайрханы уулс минь

Судас нь тэлж лугших

Өгий, Тэрхийн нуур минь

      Ай чи төрсөн нутаг минь билээ

      Арын сайхан хангай минь билээ

Усны шувууд нь буцаа нь үгүй

Хорго-Тэрхийн тахилгатай

Насны нь нүнжиг нимгэрээ нь үгүй

Хишиг буяны даллагатай

Төрийн сүлдээ дээдлэх

Арван түмний дэвжээ минь

Үеийн үедээ өвлөх

Сэрүүн сайхан хангай минь

      Ай чи төрсөн нутаг минь билээ

      Арын сайхан хангай минь билээ                     /1967 он/

182   0
НИЙТЭЛСЭН: My Arkhangai

Санал болгох