“УРАН ЖИРГЭЭ” УРАЛДААН СУРАГЧДАД ШҮЛЭГ, ЗОХИОЛ СОНИРХОХ СЭДЛИЙГ ТӨРҮҮЛДЭГ
Хангай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шүлэг, зохиолыг уран яруу унших "Уран жиргээ" уламжлалт уралдаан болж, шилдгүүдээ тодрууллаа. 6-9-р ангийн сурагчид Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг нийтээрээ уншиж, уралдааныг нээв.
Уралдаанд 156 сурагч уран унших ур чадвараараа өрсөлдсөн юм.
Уран уншлагын бага ангийн төрөлд: 4б ангийн сурагч М.Түвшинзаяа 1-р байр, 5б ангийн сурагч Э.Хандсүрэн 2-р байр, 3б ангийн сурагч С.Түвшинбат 3-р байр, Дунд ангийн төрөлд: 8а ангийн сурагч Б.Пүрэвжаргал 1-р байр, 9б ангийн сурагч Б.Энх-Амар 2-р байр, 9б ангийн сурагч Б.Тэмүүлэн 3-р байрыг эзлэв.
Монгол хэл, уран зохиолын багш С.Дашсамбуу: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Уран жиргээ” уралдаанд оролцох сурагчдын тоо нэмэгдсээр байна. Энэ жил нийт сурагчдын 40% нь оролцжээ. Энэ бол томоохон үзүүлэлт юм. Уралдааны ач холбогдол бол сурагчдынхаа ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, шүлэг, зохиолд дурлах, цээжлэх, уран яруу унших чадварыг хөгжүүлэхэд чиглэгддэг. Алдарт зохиолчдын зохиол бүтээлийг мэдэрч унших, амилуулах тал дээр манай сурагчдын ур чадвар нэлээд өсч байгаад нь багшийн хувьд маш их бахархдаг. Сурагчдынхаа зохиолыг амьдруулан уншиж байгааг нь сонсоод бахдан баярлах, уярч уйлах гээд л сэтгэлийн их хөдлөлтэйгөөр, ёстой нэг жаргаж үздэг дээ хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Сургуулийн нийгмийн ажилтан Б.Итгэлмаа: Манай сурагчид уран уншлагын “Уран жиргээ” уламжлалт уралдаанд маш их идэвхтэй, ач холбогдол өгч оролцдог. Өнгөрсөн 2 жилд ковид цар тахлаас хамаараад зохион байгуулагдаагүй. Сурагчдын дунд уран уншлагын уралдааныг тогтмол зохион байгуулснаар сурагчдын шүлэг зохиох, уран зохиол сонирхох хандлага нэмэгдэж байгаа нь ажиглагдсан. Хэл, уран зохиолын багш байсан Т.Нэргүйн нэрэмжит “Хүрэл тулга” шүлгийн уралдааныг түүний үр хүүхэд, хань нь зохион байгуулахад оролцох сурагчдын тоо нэмэгдсэн нь уран уншлагын уралдаан их нөлөөлсөн гэж боддог гэлээ.
8а ангийн сурагч Б.Пүрэвжаргал: Шүлэг бол миний хувьд сэтгэлийн цоожийг онгойлгох түлхүүр юм гэж боддог. “Уран жиргээ” уралдаанд “Аавдаа”, “Ээжтэйгээ байхад би баян байсан”, “Охин үрээ хайрла” гэсэн 3 шүлгээр анх удаагаа оролцож, тэргүүн байр эзэлсэнд аав, ээж маань маш их баярлаж, охиноороо бахархаж байгааг хараад, цаашид би маш их хичээх ёстой юм байна гэдгээ ойлгосон. Надад ч гэсэн сайхан сэтгэгдэл төрсөн. Энэхүү уралдаанд анх удаа ороод ийм амжилт гаргана гэж төсөөлөөгүй. Энэ амжилт маань Монгол хэл, уран зохиолын С.Дашсамбуу багштай нягт холбоотой. Багшийгаа шүлэг уншихад анх удаа сонсоод, багшаараа бахархаж, шүлэгт дуртай болсон. Багшдаа маш баярлаж явдгаа илэрхийлж, таниасаа их үлгэр дуурайл авдаг шүү гэж хэлье. Дүү нартаа хандаж хэлэхэд шүлэг сонирхож, уншиж байгаарай. Шүлэг хүнд тустай гүн утга санааг агуулж, маш их зүйлийг ойлгуулдаг юм шүү гэлээ.
9б ангийн сурагч Б.Энх-Амар: Би тус уралдаанд 5 дахь жилдээ оролцож байна. 2017, 2018, 2019 онуудад тус бүр 1-р байр, харин энэ жил дэд байрт шалгарсан. Жил бүрийн “Уран жиргээ” уралдааныг тэсэн ядан, догдлон хүлээдэг дээ. Уралдаанд оролцоход өөрийгөө илэрхийлэх чадвар жил бүр сайжирсан. Түүнчлэн шүлгээ ойлгож, уран яруу унших чадвар нэмэгдсэн. Үүний ачаар миний шүлэг бичих чадвар илүү хөгжсөн гэж боддог гэв.
9б ангийн сурагч Б.Тэмүүлэн: Би “Уран жиргээ” уран уншлагын уралдаанд өмнө нь 3 удаа оролцож байсан. Тэр үед байр эзэлж байгаагүй. Олон удаа өөрийгөө сорьсоор энэ жил байр эзэлсэндээ өөртөө улам их итгэлтэй болж, өөрийгөө илэрхийлэх урам зориг нэмэгдсэндээ баяртай байгаа. Шүлэг, найраг цээжилснээрээ миний ой тогтоолт илүү сайжирсан гэлээ.
4б ангийн сурагч М.Түвшинзаяа: Би 5 настай цэцэрлэгт явж байхдаа “Уран жиргээ” уралдаанд “Ээж” шүлгээрээ 3-р байр эзэлж байсан. Энэ жил “Чингис” шүлэг уншиж, 1-р байр эзэлсэндээ их байртай байна. Цаашид энэ уралдаандаа байнга оролцож, өөрийгөө хөгжүүлнэ гэж бодож байгаа. Мөн шүлэг зохиох дуртай. Миний төрсөн дүү М.Түвшинбат энэ тэмцээнд оролцож 3-р байр эзэлсэн. Дүү их баяр хөөртэй байгаа гэв.
5б ангийн сурагч Э.Хандсүрэн: Би ном унших их дуртай. “Уран жиргээ” уралдаанд 2-р байр эзэлсэндээ баяртай байна. Аав, ээж, багш, байгаль, дэлхийн тухай шүлэг зохиодог. Би шүлгийг уншихдаа үгийг нь тод хэлж, утга агуулгыг зөв илэрхийлж, үнэн сэтгэлээсээ уншихыг хичээдэг гэсэн юм.
Архангай медиа группын Хангай сум дахь сурвалжлагч П.Баттулга