Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ГЭРЛЭЭ АСААЯ   2023-02-09

ЦАХИР СУМАНД АРЬС ШИРИЙГ БОЛОВСРУУЛАХ ЦЕХ АЖИЛЛАЖ БАЙНА

Д.Эрдэнэбат мал аж ахуйн үйлвэрлэлээс тэтгэвэртээ гарсан ч гар хумхин суулгүй, нэхий ширийг элдэж, өөрсдийн болон үр хүүхдүүдийн ахуйд өргөнөөр хэрэглэж иржээ.

Тэрээр энэ чиглэлээрээ аймаг орон нутгаас зохион байгуулсан сургалтад хамрагдаж, нэхий ширийг үйлдвэрийн аргаар элдэж боловсруулах технологид суралцжээ. Сумынхаа Хоршоо хөгжүүлэх санд төсөл бичсэнээр 10,0 сая төгрөгийн зээл авч, ажлынхаа байрыг өргөжүүлжээ. Зээлийн хөрөнгөөр нэхий халимлах, элдэж зөөлрүүлэх төхөөрөмж, сур элдэх машин болон бусад хэрэгцээт эд зүйлсээ авснаар энэ өвлөөс үйл ажиллагаа нь жигдэрч байгаа ажээ. 

Усны, аарцны, цагааны, шар сүүний гэх мэт уламжлалт аргын ган хийхээс гадна орчин үеийн тусгай бодисоор ган хийж, арьс ширнийхээ шүүсийг авдаг гэнэ. Тусгай бодис ашиглан ган хийж байгаа үед муу усны нүх чухал байдаг учраас хашаан дотроо тус бүр нь 4 тонн багтаамжтай 2 нүх ухаж битүүмжлэн ашиглаж байгаа гэлээ.

Өдөртөө 30ш хурганы арьс элдэж, мөн төдий тооны хонины нэхий элдэх хүчин чадалтай боловч ажиллах хүний дутагдалтай байгаагаа ч хэлж байлаа. Нэг хурганы арьсыг 5,0-6,0 мянгаар, хонины нэхийг 25,0 мянгаар элдэж байна. Эрэлт нэлээд их байгааг онцлоод ажлынхаа байрыг томсгох зорилготой гэв.

Түүний бэр Ж.Отгонцэцэг тогооч мэргэжилтэй бөгөөд  мэргэжлээрээ 6 жил ажилласан ч хөдөө орон нутагт ажлын байр олдохгүйн улмаас элдүүрийн цехдээ туслах ажилтан хийж байгаа юм байна.

Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, хаа сайгүй хөглөрөн хэвтэж байдаг болсон өнөө үед сумынхаа түүхий эдийн багахан хэсгийг ч хагас боловсруулан өөрсдийн хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангаж, иргэдэд үйлчилж байгаадаа урамтай байдаг хэмээн түүний гэргий Д.Батцэрэн ярьсан юм.

Тэд орон нутгаас зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаануудад тогтмол оролцож, эхний байруудыг эзэлж иржээ.

Архангай медиа группын Цахир сум дахь сурвалжлагч Л.Ганхуяг

468   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох