ХҮЛЭЭСЭН УЧРАЛ - ЛУСЫН ДАГИНА, ХАНХҮҮ БОЛЦГООЁ
ХҮЛЭЭСЭН УЧРАЛ минь хүрээд ирлээ. 2023 оны 1-р сарын 14-ний өдөр Цэцэрлэг хотод “Усан спорт сургалтын төв” хаалгаа нээж, миний гэлтгүй олон хүний хүлээлтийн “туузыг” хайчиллаа.
УСАН СПОРТЫН ҮНЭ ЦЭН
Эрүүл чийрэг, гоё сайхан биеийн галбиртай болмоор байвал усан спортоор хичээллэ. Нуруу өвддөг асуудалтай бол усан спортоор хичээллэ. Дасгал хөдөлгөөн бүр өөр өөрийн давуу чанартай. Усан спорт тэдний нэгэн адил эмгүй эмчилгээ л гэсэн үг. Бүх насныхан хичээллэх боломжтой.
Усан спортоор хичээллэдэг хүн байнгын хөдөлгөөнтэй фитнесээр хичээллэдэг хүнийг бодвол нас барах эрсдэл 50 хувиар бага байдаг гэнэ шүү.
Өмнөд Каролины их сургуулийн судалгааны баг 20-90 насны 40 мянга гаруй хүнээс биеийн болон сэтгэл зүйн судалгаа авчээ. Судалгааны үр дүнд усан спортоор хичээллэдэг хүн байнгын гүйдэг, фитнесээр хичээллэдэг хүнийг бодвол илүү урт насалдаг болох нь тогтоогдсон хэмээн судалгааг удирдсан доктор Стивэн Блейр тэмдэглэжээ.
Эх сурвалж: Gogo.mn
УСАН СПОРТЫН БАГШ Б.САРУУЛБАЯР
Батмөнхийн Саруулбаяр 1991 онд төрсөн. Тэрээр Үндэсний Биеийн Тамирын дээд сургуулийг биеийн тамирын аргазүйч мэргэжлээр дүүргэжээ. 2014-2019 онд Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвд багшилж, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн 10 гаруй шавь төрүүлжээ.
ОНЦЛОГ
Архангай аймгийн Усан спорт сургалтын төв нь 15 метр урттай, 2 метрийн гүнтэй, сэлэлтийн гурван замтай. Бассейнд зургаагаас дээш насныхан хичээллэх бүрэн боломжтой. Анхан шатны сургалтад явснаар өврөөр даллах, дунд шатны сургалтад мэлхий сэлэлт, араар даллах, гүнзгий шатны сургалтаар эрвээхэй болон дельфин сэлэлтийг эзэмшинэ. Зургаан наснаас доош багачууд маань аав ээж, асран хамгаалагчтайгаа тусгай хэрэгсэл ашиглан бассейнаар үйлчлүүлэх боломжтой.
ОДООГООР
Усан спорт сургалтын төвд бассейнаас гадна фитнес, кафе ажиллаж байна. Долоо хоногийн зургаан өдөр өглөөний 07 цагаас үдшийн 21 цаг хүртэл ажиллана. Даваа гарагт амардаг.
ЦААШДАА...
Зумба бүжиг, агаарын иог, нийтийн цэнгээнт бүжгийн сургалтууд 2-р сарын 1-ээс явагдаж эхэлнэ. Чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх газаргүй гэж урвайж суудаг цаг ард үлдэхнээ. Эртхэн л төлөвлөгөөгөө гаргаж, өөрт хэрэгтэй сургалтынхаа төлбөр, хувцас хэрэглэлээ бэлдэх нь алсын хараа юм шүү дээ.
ТӨЛБӨР
Усан бассейны төлбөр нэг сарын турш:
Том хүн- 90000
Хүүхэд – 70000
Анхлан хичээллэж эхэлж байгаа үед долоо хоногт гурван удаа, сард 12 удаа хичээллэнэ. “Лусын дагина, ханхүү” болоод ирэхээрээ өдөр бүр хичээллэж болно.
Фитнес насанд хүрэгчдэд 30000 төгрөг бол хүүхэд 15000 төгрөгөөр хичээллэх боломжтой. Цаг, хичээлийн хуваарь бассейнтай ижил.
ЭРСДЭЛ
Уснаас айдаг, живж байсан бараан дурсамж байдаг бол юуны өмнө багштайгаа сайн ярилцах хэрэгтэй. Усан спортоор хичээллэхээр шийдсэн тохиолдолд.
Бодит түүх хуваалцъя.
Монголын усан спорт сонирхогчдын группээс...
- Уснаас айх айдас бүх хүнд бий энэ айдсаа даван туулж байж усанд сэлж сурна. Гэхдээ яаж ?
- Хамгийн түрүүнд амьсгалын дасгалаа маш сайн хийж сурах хэрэгтэй санагдсан. Ингэхдээ бассейнийхаа хамгийн гүехэн хэсэгт амьсгалын дасгалаа усан дотор ороод "сандрах-биеээ чангалах" тэр нэг мэдрэмж авдаг хэсгийг алга болтол олон дахин давтах хэрэгтэй. Аяндаа чи дасаад эхэлнэ...Амьсгалаа түгжиж, хамраараа аль болох удаанаар бага багаар нь хуваарилж гаргаж сураад эхлэх тэр үед бие чинь гоё тайвшраад аяндаа л хөвөөд эхэлнэ..
(энэ хэсэг дээр нэмээд хэлэхэд усны шил маш чухал шүү, усны шилтэй бол чи усан дотор маш тайван байж орчноо мэдрэх, бүрэн харах боломжтой. Тиймээс усныхаа шилийг хэзээ ч битгий мартаарай)
2. Амьсгалын дасгалаа сайн хийгээд сурчихсан хүн чинь уснаас айх айдас шал өөр болчихно. Бараг устайгаа найзалчихмаар ч юм шиг мэдрэмж төрөөд эхэлсэн цагт чи эхний сэлэлтээ сурахад бэлэн болжээ гэсэн үг...Энэ үед чиний айдас, устай харьцах байдал чинь чамд илүү тайван байдлыг мэдрүүлнэ. Тайван хүн чинь ядралт багатай, сандрал багатай, багш ямар ч дасгал хий гэсэн төвөггүй хийхэд дэмтэй болно...
ТӨГСӨЛИЙН ОРОНД
Усан спорт сургалтын төв нь Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн хойно байрладаг. Заавал сарын төлбөр төлөлгүй хүссэн үедээ 10000 төгрөг төлөөд нэг цаг бассейнд орох боломжтой. Орохоор очихдоо насанд хүрэгчид БЗХӨ, мөөгөнцрийн шинжилгээ, хүүхдүүд цагаан хорхойны шинжилгээ өгөөд элдэв асуудал байхгүй бол шинжилгээний бичигтэйгээ, алчуур, саван, шампунь зэрэг хувийн бэлтгэлээ базаагаад очих хэрэгтэй.
Энэ хүртэл анхааралтай уншсан танд баярлалаа. Лусын гүнж, Лусын ханхүү болох аялалд тань амжилт хүсье. МyArkhangai.mn сайтын хамт олноос нь.
Б.МАНДУУЛ