Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2022-12-07

ҮЛ ҮЗЭГДЭГЧ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Э уушгины хорт хавдрын хүнд үедээ эмчлүүлж байна. Тэрээр 40-өөд жил энд амьдарч байгаа юм. Иргэн Э: Өвөл утаа ихсэхээр амьсгалахад хэцүү болдог. Өвчинд утаа ч нөлөөлсөн гэж үзэж байна. Эмч нар утаанаас хол бай гэж зөвлөдөг. Одоо хүчилтөрөгчийн аппараттай л байна...хэмээн амьсгал нь давхцангуй өгүүлнэ.

Архангай аймаг уушгины өмөнгийн үзүүлэлтээр сүүлийн таван жилд аймгуудын дунджаас өндөр байна. 2017-2021 онд аймгуудын дундаж 10000 хүн тутамд 5-8,9 байгаа бол Архангайд 7,9-14,1-тэй байна. 2022 оны 11-р сарын байдлаар Архангайн хэмжээнд уушгины хорт хавдартай 28 хүн байгаагийн 42буюу 12 нь аймгийн төвд амьдарч байна...

Цэцэрлэг хот уулсаар хүрээлэгдсэн, хонхордуу газарт байрладаг. Газар зүйн энэ байрлал нь салхи, хүйтнийг нөмөрлөдөг онцлогтой. Тиймээс ч өвөлдөө утаа нүүгэлтэн өнжих нь элбэг.

Цэцэрлэг хотод дулаан үйлдвэрлэдэг ганцхан нэгж байдаг нь “Эх голомтын илч” ХХК юм. Эдний 5-50 жил болсон уурын зуухнуудын яндан нь шүүлтүүргүй. Замын хажуугийн цас хар толботож,  хүмүүсийн нүүр тортогтсон байх нь өвөл цагийн байдаг л нэгэн үзэгдэл мэт олон жил болжээ.

“Эх голомын илч” ХХК-ий инженер Н.Сүхбаатар: “Яндандаа ямар нэг шинэчлэл хийх боломжгүй. 10 халаалтын зуухны яндан үнс баригчтай, утаа шүүгчгүй. Өвөрхангай, Баянхонгор аймгууд туршилтын журмаар утаа шүүгч тавьж байсан. Тэр нь халаалтын улирлын 3 сардаа бөглөрөөд буцаагаад авч байсан түүхтэй. Шүүлтүүрийн асуудлаар Эрчим хүчний яаманд хамтарч ажиллах албан тоот өгсөн. Хариу одоо болтол ирээгүй” гэсэн тайлбарыг өгдөг. 

Цэцэрлэг хотын төв хэсгээр ихэнх уурын зуух байрладаг. Цэлмэг өдөр том яндангуудаас утаа олгойдох нь цэнхэр тэнгэрт хар бэхээр сараачихтай адил сэртхийлгэнэ. Үүлтэй, салхи багатай өдөр бол аймгийн төв утаан дунд бүүдийнэ...

Цэцэрлэг хотын агаарын чанарын индексийг аймгийн УЦУОШТ-өөс өдөрт гурван удаа тодорхойлдог. Голдуу хэвийн болон бага бохирдолтой гэсэн дүгнэлт гарнаЭнэ бодит дүгнэлт мөн үү?

Хэмжилт хийдэг “Цэцэрлэг харуул” станц хотын урд зүгт байрладаг. Гэтэл Цэцэрлэг хотын агаарын хамгийн их бохирдолтой нь төв хэсэг юм. УЦУОШТ аймгийн ЗДТГ-аас хүсэлт тавьсан үед төв хэсгээр агаарын бохирдлын шинжилгээг хийх боломжтой гэдэг.  

2021 оны байдлаар Цэцэрлэг хотод бага, дунд оврын 125 уурын зуух байна. Үүнээс 114 нь ААН байгууллага болон иргэдийнх, харин 11 нь дунд оврын буюу “Эх голомтын илч” ХХК-ийх. Эднээс 10 нь ажилладаг.

Архангай аймагт халаалтын зардал өндөр /1мЗ нь 2044 төг/ учраас байгууллагааж ахуйн нэгж дор бүрдээ уурын зуухтай болсоор байдаг. Тэрчлэн Илч зуухны ачаалал хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар шинээр баригдаж буй орон сууцнуудыг дулаанаар хангах техникийн нөхцөл олгодоггүй. Жишээ нь: 2016-2020 онд нийт 236 айлын 5 орон сууцанд олгоогүй. Иймээс барилгууд дулаанаа бие даасан халаалтаар шийдэж, яндангийн тоог нэмж байна.

2015 онд БНСУ-ын зээлээр Дулааны станц барих Засгийн газрын тогтоол гарч, 2018 онд хоёр улс гэрээнд гарын үсэг зурсны дагуу 2021 онд тендер зарлагдаж, 10 аймгаас 7-д нь станц баригдахаар болжээ. Гурван аймагт хойшлогдсоны нэг нь Архангай. Учир нь “Эх голомтын илч” ХХК аймгийг шүүхд өгсөн асуудал байв.

Цэцэрлэг хотынхны товчлон нэрлэдгээр ИЛЧ компани хэрхэн дулааны монополь болсон бэ?

Төрийн өмчид харьяалагдаж байсан дулааны шугам сүлжээг анх 1994 онд 49:51 харьцаатай болгож, “Илч-Архангай” ХК-ийг байгуулан, 49 хувийг хувьцаагаар өгсөн. Явсаар эцэст нь орон нутгийн өмчийн 4,72 км урт шугамыг хязгаарласан дуудлага худалдаагаар өмчлүүлж, улмаар 2008 онд нийтийн дуудлага худалдаагаар “Илч-Архангай” орон нутгийн өмчийн оролцоотой хувьцаат компанийг хувийн өмчид шилжүүлсэн байдаг.

Ингэж аймгийн үе үеийн удирдлагуудын удаа дараагийн шийдвэрээр дулааны шугам сүлжээ нэг хүний мэдэлд очсон түүхтэй.

Хувьчлагдсан шугамны цаана сөхөх асуудал бий. Шугамны дээрх газар ба түүний төлбөрийн тухайд аймгийн ГХБХБГ-ын дарга Ч.Отгонжаргал: “Нийтийн дундын ашиглалтын хэлбэрт байдаг учраас газрын төлбөр авдаггүй. Зөвхөн уурын зуухны орчмын 10 газраас эзэмшлийн төлбөр авдаг” гэлээ.

Архангайд Дулааны станц баригдах асуудал сонгуулиас сонгуулийн хооронд яригдсаар 10-аад жил болж байна. Засгаас засаг дамжин гацсаны шалтгаан нь “Эх голомтын илч” ХХК-ий захирал Ч.Өсөхбаярын барих гэж байсан станцыг Засгийн газар “булаасан” явдал гэгддэг.

2013 онд тухайн үеийн ерөнхий сайд /Н.Алтанхуяг/ Архангайд ирээд, иргэдтэй хийсэн уулзалтан дээр Ч.Өсөхбаяр Дулааны станцыг өөрийн хөрөнгөөр барих тухай ам гарчээ. Энэ аман харилцаагаар Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр баригдах гэж байсан станцыг болиулсан гэдэг.

Дулааны станцыг хоёр ч Засаг даргыг дамжин шүүх дээр гацаасан гол гогцоо нь шугамаа хувьчилсанд буюу нэг хүнд давуу байдал үүсгэсэнд байгаа гэдгийг аймгийн удирдлагууд, ард иргэдтэйгээ ам нийлэн ярина.

2020 онд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан: 2014 онд Д.Бат-Эрдэнэ даргын үед Эрчим хүчний яам, Эдийн засгийн яам, аймгийн Засаг дарга, Эх голомтын илч гэх 4 талт гэрээ хийгдсэн. Гэрээнд Дулааны станцыг барина, өөрийн газартай гэсэн нөхцөлүүд дурьдагдсан байдаг. Гэтэл тэрнээс хойш станц барих санаачилгыг “Эх голомтын илч” ХХК-иас гаргаагүй гэж мэдэгдэж байв. 

2021 онд аймгийн Засаг дарга Д.Золжаргал шүүх хуралд анхны ялалтаа байгуулсан тухайгаа, 2022 оны 5-р сард аймгийн Засаг дарга М.Батжаргал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр Архангай аймгийн талд гарсан тухай мэдээлж байв.

Ч.Өсөхбаяр“Би дулааны станцыг барих байсан. Та нар их өндөр өртөгтэй барих гэлээ гээд тоо бодоод байгаа бололтой. 10 аймагт 400 орчим тэрбум төгрөгөөр хийгдэх Дулааны станцыг нэг аймагт 40 тэрбум гэж тооцоод байгаа байх. Өөрөө 16 тэрбумаар барина гэсэн” гэж аймгийн Засаг дарга нар Ц.Мөнхнасан хэлсэн удаатай. 

2021.12.01. Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд “Цэцэрлэг хотын төвийн шинэчлэл” төслийн уулзалтыг хийх үеэр Ч.Өсөхбаярын саналыг сонслоо. Тэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. “Эх голомтын илч” ХХК-д УИХ-ын гишүүд Дулааны станц барих нарийн тооцоололтой төлөвлөгөө, хувилбар, судалгаа хийх чиглэлийг өглөө.

Харин 2019 онд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн шалгалтаар “Эх голомтын илч” ХХК нь тодорхой хууль, стандартыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гарч, Дулааны станцыг барих, ашиглах боломжгүй байгааг нь нотолсон байдаг.

Архангай аймаг модны хэрэглээ өндөртэй байв. Харин сүүлийн жилүүдэд галын түлээний худалдааг хумиснаас гэр хорооллын айлууд нүүрс түлэх болсон. Цэцэрлэг хот улам гүн утаатай болсоор. Харин шийдвэр гаргагч нар утааг бууруулах шийдлийг хайж байна гэж ярина. Гэвч наанадаж агаарын бохирдлын бодит судалгаагаа гаргаагүй. Тэд Илчийн Өсөхөөг л тойрон хэлэлцсээр сууна. Иргэд Дулааны станцтай болохоос өөр гарцгүй гэх ойлголттой.  

/Зургийг: Гэрэл зурагчин Э.Батхүү/

Цэцэрлэг хотдоо төрсөн цагаас 60 гаруй жил аж төрж байгаа иргэн Э уушгины хавдрын хүнд үеийн оношоор эмнэлгийн байнгын хяналтанд байна. Тэрээр сүүлийн 5 жил өвчин намдаах тариатай байдаг байсан бол одоо үйлчлэхээ болиод морфин хийлгэдэг болсон...

Хэн нэгэнд давуу байдал олгохуйц шийдвэрийн хохирлыг эзэн биегүй мэт ҮЛ ҮЗЭГДЭГЧ шийдвэр гаргагч нар иргэдтэйгээ хамт л амсана.   

Авлигатай тэмцэх газар, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн хамтран зохион байгуулж буй уралдаанд зориулав. 

О.АМАРЗАЯА

 

480   0
НИЙТЭЛСЭН: О. Амарзаяа

Санал болгох