ЗОРИЛГО, ЗОРИГ БАЙНА. ТЭР ЗОГСОХГҮЙ...
Энэ бол “Үндэсний өгөх өдөр”-өөр Пүрэвсүрэнгийн Ганчимэгийн нүүр номондоо бичсэн үгс буюу түүний амьдралынх нь зорилго юм. Тэрээр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бидний дунд ажиллаж, басхүү олон хүнд ажиллах боломжийг бүрдүүлж буй нэгэн билээ.
П.Ганчимэг ид хийж бүтээх 22-хон насандаа гэмтлийн улмаас тэргэнцэр дээр суух болжээ. Эрүүл саруул байснаа гэнэт л асаргааны хүн болсон тул энэ байдалтайгаа эвлэрч чадалгүй найман жилийг гэртээ хэвтэж, шаналж өнгөрүүлсэн байдаг. Харин тэр өдгөө өөрийгөө ялан дийлж, өрөөл бусдад ч тус дэмтэй ажиллаж байна.
/Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатарын хувийн архив зураг/
Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар: 2005 онд Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт хийх үед нэгэн эмэгтэй надад хандаж, манай охин гэмтээд хэвтэж байгаа юм, очиж уулзаад өгөөч гэсэн. Би гэрт нь очтол их сайхан охин хэвтэж байсан. Бид хоёр хэсэг хугацаанд л ярилцсан. Би ч Улаанбаатар руу буцсан. Гэтэл хоёр жилийн дараа нөгөө охин нийгмийн идэвхтэй гишүүн болчихсон, Архангай аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө, хуулийг хэрэгжүүлэх гээд явдаг болсон байсан...Би маш их баяртай хүлээж авсан. Яагаад гэвэл өөрөө бэрхшээлээ даван туулаад нийгмийн идэвхтэй гишүүн болно гэдэг хувь хүний маш том, хүнд сонголт. П.Ганчимэг энэ сонголтыг хийснээрээ хувийн эрх ашгаа урьтал болгодоггүй хүн гэдгээ ажил үйлсээрээ харуулж яваа манай салбарын манлайлагч бүсгүйчүүдийн нэг.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН ГЭЖ ХЭН БЭ?
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц болон Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуульд тодорхойлсноор: “Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг нь бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогтой бөгөөд уг согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь саад учруулахуйц болсон этгээдийг хэлнэ” гэжээ. Бусад саад гэдэгт хөгжлийн бэрхшээлд хандаж байгаа бусад хүмүүсийн сөрөг хандлага, барилга байгууламж, нийтийн тээвэр, явган зам, авто зам, мэдээллийн хүртээмжгүй байдал зэрэг хүрээлэн байгаа орчны хүчин зүйлүүд ордог.
2021 оны статистик мэдээгээр Монгол Улсын хүн амын 3,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна.
/Инфографикийг WWW.MYARKHANGAI.MN сайт бүтээв./
Тухайлсан тодорхойлолт байхгүй ч байнгын асаргаанд байдаг, өдөр тутамдаа бусдын тусламж авдаг хүнийг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн хувийн туслахын тусламжтай нийгэмд оролцоно. Өдөр тутмын үйлдлээ бие даан хийж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцоход нь дэмжлэг болдог хүн бол ХУВИЙН ТУСЛАХ юм.
/Хувийн туслах үйлчилгээг таниулах өдөрлөгөөр. “Хүмүүн” бие даан амьдрах төвийн архив зураг/
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гэж заасанчлан хөгжлийн бэрхшээлтэй хүн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүхий л эрхийг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Гэтэл бодит амьдрал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах нийгмийн хандлага тэднийг жинхэнэ бэрхшээлтэй болгож, нийгмээс тусгаарладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол өвчтөн, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй гэдэг хандлага манай нийгэмд байсаар байна. /Нийгмийн олон талын хандлагын тухай яриаг доорх аудио бичлэгээс сонсоно уу/
ХҮНД ХЭЛБЭРИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХУВИЙН ТУСЛАХЫН ҮЙЛЧИЛГЭЭ УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА
П.Ганчимэг: “Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүн цаг ямагт бусдын тусламжтайгаар нийгэмд оролцдог. Тиймээс л яахын аргагүй хувийн туслахын үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Бүр ус агаар шиг хэрэгтэй байна. Бие даан амьдарч эхлэхэд бидний асран хамгаалагч нар буюу аав ээж, нөхөр, эхнэр, дүү, ах, эгч, үр хүүхэд бүгд өөртөө зарцуулах цагтай болж, нуруу нь амарна. Бэрхшээлтэй хүн бүр бие даан амьдарч чаддаг болбол олон эерэг үр дүн гарна. Нийгэмд оролцсоноор хөгжинө, найз нөхөд, хамт олонтой болно, ажил орлоготой болно, өөртөө итгэлтэй болно, бие дааж амьдарч эхэлнэ. Улс орны эдийн засаг, хүний хөгжил, хүртээмж талдаа олон өөрчлөлт гардаг” гэв.
Ингэж мэдэрч зорьдог учраас тэрээр Орхон аймаг дахь “Хүмүүн” бие даан амьдрах төвийг тэргүүлэн ажиллаж байна.
П.ГАНЧИМЭГийн ХЭВТЭРТ ӨНГӨРҮҮЛСЭН НАЙМАН ЖИЛЭЭС ХОЙШ... видеог доорх хэсгээс үзнэ үү.
/"Тэгш тусгал" ТББ-ын менежер М.Анхтуяагийн хувийн архив зураг/
“Тэгш тусгал” ТББ-ын менежер М.Анхтуяа: П.Ганчимэг гэх зоримог, хатуужилтай, үйлдэл бүрээс нь сургамж авмаар гайхалтай бүсгүйтэй 2013 оноос эхлэн ажлын шугамаар холбогдсон. Иргэний нийгмийн байгууллагад санхүүгийн ажилтан авна гэх сураг сонсон анх Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлд ирсэн. Тэр өдрөөс эхлэн түүний иргэний нийгмийн байгууллага, зорилтот бүлгийн иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, гэрээсээ гарч, нийгмийн амьдралд оролцох, өөрийн асуудлыг эхэлж яаж даван туулах, тэр туршлагаа хэрхэн өөр шигээ адил бэрхшээлтэй хүмүүст хуваалцах, тэдний амьдралд багахан ч гэсэн итгэл найдварыг төрүүлэх зэрэг дуусашгүй их талбарт эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан. Түүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийх олон санаачилгыг оновчтойгоор гаргах, бодлогод нөлөөлөх, тэдний оролцоог хангах, манлайллыг өөрийн биеэр хэрхэн үзүүлэх гээд их зүйлийг суралцсан. Одоо ч суралцсаар, зөвлөгөө авсаар. Ганаа эгч “Тэгш тусгал” ТББ-ын удирдах зөвлөлд уригдан орсон. Өөрийн туршлага мэдлэгээ өдийг хүртэл бидэнд зориулсаар байна. Хэзээ ч үгүй, мэдэхгүй, завгүй байна гэж хэлдэггүй тандаа талархъя.
ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ БИЕ ДААН АМЬДРАХ ТӨВИЙГ П.ГАНЧИМЭГ УДИРДДАГ
“Хүмүүн” бие даан амьдрах төв нь хөгжлийн бэрхшээлийн хүндрэл хэлбэрээс үл хамааран бие даан амьдрах үзэл баримтлалыг төлөвшүүлэн хэрэгжүүлэх, хүртээмжтэй саадгүй орчныг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чанартай боловсрол эзэмшүүлэн чадваржуулах зорилготой.
/Постерыг WWW.MYARKHANGAI.MN сайт бүтээв./
/Зургийн эх сурвалж: i.Toim.mn сайт. "Түгээмэл хөгжил" бие даан амьдрах төвийн тэргүүн, МУ-ын Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр уулзалтын үеэр/
“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвхөн халамж хүртэгчийн байр сууриас харж, эдгээх, анагаахыг урьтал болгодог нийгмийн хандалагыг хөгжлийн бэрхшээлтэй хүний “Бие даах амьдрах эрх”-ийн төлөөх хөдөлгөөн өөрчилж эхэлсэн байдаг. Тэр ч утгаараа олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрахад дэмжих үйлчилгээг хүний эрхийн салбарт хувьсал хийсэн тогтолцоо байсан гэж үздэг. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх гэдэг нь шинэ үзэл санаа, үйл ажиллагаа тул энэхүү үнэ цэнтэй тогтолцоог таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чадварлаг манлайлагчдын оролцоо зайлшгүй чухал юм. Энэ цаг үед хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн салбарт тууштай ажиллаж, шинэчлэлийг хийж буй залуучуудын нэг нь П.Ганчимэг гэж хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоонд хийгдэж буй шинэчлэл өөрчлөлтийг бодитоор үлгэрлэн харуулахад П.Ганчимэгийн манайлал оролцоо маш их юм. Тухайлбал, түүний удирдан ажиллаж буй “Хүмүүн” бие даан амьдрах төв орон нутагт бие даан амьдрахад дэмжих үйлчилгээ болон тэгш хамруулах боловсролын үйлчилгээ зэрэг шинэ тогтолцоог анхлан нэвтрүүлж, тэр хэрээрээ хөгжлийн бэрхшээлтэй олон залуус, тэдний гэр бүлд ирээдүйн итгэл үнэмшлийг бий болгож байгааг хэлэх байна.
/Архангай аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Г.Өлзийсайханы хувийн архив зураг/
Г.Өлзийсайхан /Архангай аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн/: Ганчимэг эгчтэй 2015 оноос төрийн бус байгууллагад хамт ажиллаж эхэлсэн. Хамт байх хугацаандаа дэргэдээс нь харж суралцаж, мэдэж, хамтарч олон ажлыг хийж байсан. Одоо манай холбоо хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүртээмж дэд бүтцийг сайжруулах чиглэлээр аймагтаа олон ажлыг хийсээр байгаа. Ганаа эгч надад болон өөр олон хүнд нөлөөлж, гэрээсээ гарахад нь нийгэмд оролцоход нь үлгэр дуурайлал болж чадсан.
ТЭР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨМНӨ ГЭРЭЛ АСААХААР АЖИЛЛАСААР БАЙНА
П.Ганчимэг Архангай аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоодын Зөвлөлд нягтлан бодогч, гүйцэтгэх захирал, тэргүүн, Архангай Бие даан амьдрах төвийн тэргүүн, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг ханган ажиллах орон тооны бус зөвлөлийн дэд дарга, Орхон аймаг дахь Хүмүүн Бие даан амьдрах төвийн тэргүүн зэрэг ажлыг нэр төртэй хийж ирсэн. Мөн тэрээр Lead Mongolia-2017 Монгол дахь хөтөлбөрийн оролцогч, Гарааны бизнесийн сургагч багш юм. Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр 2016 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Архангай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль завсардалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол эзэмшихэд тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж байгаа эсэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор гаргасан хууль хэрэгжиж байгаа эсэх гэсэн сэдвүүдээр гурван удаагийн мониторинг хийж байсан. Үүний үр дүнд Засаг дарга сургуулийн захирлуудтай хийдэг үр дүнгийн гэрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх 4 заалтыг оруулсан байдаг.
2022 онд л гэхэд Архангай аймгийнхаа багш нарт тэгш хамруулах боловсролын аргазүйн сургалтыг цахимаар хийсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч сурах эрх нь хангагдаж чадахгүй байгаа олон хүүхдийн өмнө тэрээр гэрэл асаахаар одоо ч ажилласаар байна. Тэр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн асуудлыг ч орхигдуулалгүй эмэгтэйчүүдийн оролцоог хангах аливаа ажилд манлайлан оролцдог, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүн юм. Түүний баг хамт олны нөлөөллөөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний зориулалтын үзлэгийн ортой болсон байдаг.
Ц.ӨНӨРЦЭЦЭГ, О.АМАРЗАЯА