АРВАН ХҮҮХДИЙН ЭЭЖ, АЧЛАЛТ ЭХ
Арын хангайн охин, Өврийн хангайн Бат-Өлзий сумын уугуул, алдарт уяач, Ренцэннямын Доржсүрэнтэй гэр бүл болж, долоон хүү, гурван охинтой өнөр өтгөн айл болжээ. Нөхөр Р.Доржсүрэн айлын ганц хүү, аав нь Ардын гэгээрүүлэх яамны газрын дарга байлаа. Удмаараа эрдэм номтой хүмүүс байх.
Заяын хүрээний мужаан Соном гэж бурхан, хүрд, сүм дуганы чимэглэл гээд хийхгүй зүйлгүй бүтээлтэй, өндөр өвгийн улбаа, дархан мужаан аавын үргэлжлэл болж, энэ л түүхээсээ Мужин гэдэг овгоо авчээ.
Эдүгээ хүү Пүрэвээ “Дээдсийн гэр”, Отгонпүрэв “Цахиртайн зам”, "Монгол гэр" компаниудыг байгуулжээ. Улмаар орон гэргүй хүмүүст жилд таван гэрийг үнэгүй хийж өгдөг, буянт үйлийг ажил болгосон байх юм. Мөн түүнчлэн сумынхаа Суварга хайрханы тахилгад зориулж, 5,0 сая төгрөгийн иж бүрэн зургаан ханатай гэр хандивлаж, сумын Эрүүл Мэндийн төвийн танхимыг 5,0 сая төгрөгөөр тохижуулсан. Орхон багийн амьдралын түвшин доогуур орлоготой дөрвөн өрхөд тус бүрт нь иж бүрэн гэр бэлэглэсэн...гээд үр хүүхдүүдийнх нь өгөөж буян их ээ.
"Хүн ядуу байж болно, харин эрдэм номтой ажилсаг л бай гэх аавын сургаал, нутаг орондоо юм хий, тусч бай гэх ээжийн захиасыг 10 хүүхэд нь биелүүлж яваа нь энэ буюу.
Хүү Отгонпүрэв нь нутаг усныхаа тухай "Суварга хайрхан", "Алтан-овоо" дууны үгийг бичиж, өнөө хэн хүний сонсох дуртай дуу болсон байх. Мөн ээждээ зориулж бүтээсэн "Ижий бидэн хоёр" дуу нь Морин хуур наадмын шилдэг дуугаар шалгарсан удаатай. "Цэнхэрийн сургууль" зэрэг шүлэг нь эх нутгаа хайрлан бахархах санаа сэдлийг өгсөн нь ухаант эхийн үр хүүхдэдээ өгсөн авьяас билгийн онгод гэлтэй.
Тэрээр: "Манай ээж адуунд дуртай эрэмгий хүн. Аавыг минь морь уяж байхад наадмын хоногийн хоолыг ээж л тааруулж, мордуулж, наадмын айраг түрүү авч байдагсан . Ааваас минь хойш морь уях багасахад "Та нарын үе дээр л эмээл хатаж, уяаны мод хэвтэж цайлаа" гэж зэмлэж байсан юм. Манайх чинь олон удаа хамгийн олон адуутай айлаар шалгардаг байлаа. Тэр жилдээ бид нутагтаа морьдоо уяж, миний азарга 100-гаад азарганаас километр хэртэй түрүүлж билээ. Шүдлэн үрээ минь айргийн тавд хурдалж байлаа. Адуу гэдэг дээд угшлаа заавал хадгалж үлддэг амьтан шүү. Ингэж л бид ээжийгээ баярлуулж, адууныхаа сүлд хиймрийг сэргээж хурдан буянаараа бахархаж суудаг юм " хэмээн өгүүлнэ.
Монгол Улсын ачлалт ээж, элбэрэлт ээж, дархан бэр, алдарт эх, сум аймгийн гурван удаагийн аварга...гээд энэ ээж олныхоо хайр, төрийнхөө хүндлэлийг хүлээсэн хүн.
"Зүгээр сууна гэж байхгүй шүү, 80 гарсан гэхээргүй сүү саалиа ягшуулж, мод хүртэл хагалаад байх..." хэмээн үр, ач нь хайрлан бахархан ярилцах нь чихнээ чимэгтэй...
Нутгийн хайрхандаа шүтэж, цацлаа өргөн залбирах буурал ижий, нутгийн бор толгод шигээ энгийн тааваараа аж төрөн сууна.
"Архангайн амьдрал" сонины Цэнхэр суман дахь сурвалжлагч Х.Энхмандал