Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ХҮНИЙ ТҮҮХ   2020-11-27

МӨН ЧАНАРАА ХЭДИЙ ЧИНЭЭ САЙН ОЛЖ АВНА, ТӨДИЙ ЧИНЭЭ ЖИНХЭНЭ УТГААР ОРШИН АМЬДАРНА

Архангай нутгийнхаа хүн зоны эрүүл энх байх үйлсэд эрдэм ухаанаа зориулж, хэтийг харж “том” руу зорьж яваа, сэтгэлийн бядтай, эгэл нэгэн, хүний их эмч залууг сэтгүүлийнхээ “60 асуулт, 60 хариулт” буланд урилаа. Бат-Өлзийн Батхуяг Оточ Манранба дээд сургуулийг Уламжлалт анагаах ухааны хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд 2015 оноос аймагтаа уламжлалт анагаах ухааны үүдэн эмнэлэг нээн ажиллуулж байгаа билээ

 

-Та өөрийн нэрний учир холбогдлыг мэдэх үү. Мэдэх бол тайлбарлана уу?

-Монгол нэр болохоор ойлгомжтой байдаг. Бат бэх, хуяг хамгаалалт гэсэн утгатай. Би бас бусдын нэрний учир холбогдлыг тайлбарлаж өгөх дуртай шүү. /инээв/

-Хүн болж төрсний утга учир?

-Мэдээж сайн хүн байх. Хүнийг хүмүүнлэг болгодог, амьтдаас  ялгардаг бодол сэтгэлээ улам хөгжүүлэхийг эрмэлздэг. Сэтгэл оюунаа хүн хэдий чинээ хөгжүүлж чадна, тэр хэмжээгээрээ өөрийн мөн чанараа олж авна. Мөн чанараа хэдий чинээ сайн олж авна, төдий чинээ тэр хүн жинхэнэ хүн утгаар оршиж амьдарч чадна. Хүний сэтгэл нь мөн чанарын илэрхийлэл гэж би боддог.

-Уншсан номноос  тань хамгийн их сэтгэлд  хоногшсон ном. Яагаад?

-Олон байна аа. Эртний дорно дахины сонгодог зохиолууд их гоё.  Хүний  амьдралын үйл явцтай нийцэж, ямагт үнэн шударга сайн зүйлийг эрэлхийлсэн агуулгатай байдаг болоод тэр байх.

-Та өөрийгөө амьтантай зүйрлэвэл юутай зүйрлэхсэн бол? Яагаад?

-Арслан. Арслангийн ордных болохоор ч тэр байх.

өрийгөө нэг үгээр тодорхойлооч?

-Хуучинсаг.

-Ямар төрлийн кинонд  дуртай вэ?

-Адал явдалт, түүхэн кино.

-Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ер нь их тааруу даа. Хийсэн зүйлээ бусдаар шүүмжлүүлээд байх дургүй.

-Амьдралынхаа хамгийн гэгээлэг үеэс хуваалцаач?

-Бага байхдаа хонинд явдаг байсан үе юм уу даа.

-Амьдралд тань хүнд үе тохиолдож байсан бол яаж даван туулж байв?

-Ганцаараа л байх гээд байдаг даа.

-Эх оронч байна гэж таныхаар?

-Түүхээ сайн мэддэг, түүнээсээ сайн суралцсан л байх явдал байх.

-Үндэс язгуур, удам угсааны талаар юу гэж боддог вэ?

-Мэдээж хүнд хадгалагддаг удамшил буюу ген гэж зүйл байдаг шүү дээ. Өвөө аав маань удам залгасан тайж язгууртай хүн байсан. Мөн манай удамд гэгээнтэн ч мэдэлж байсан. Одоо цагт бол энэ огт хамаагүй зүйл болсон шүү дээ.  Чи өөрөө л хэн байх нь чухал.

-Дургүй үг?

-Хүн муулж ярьж байгаа үг.

-Бүсгүй хүний гоо сайхан таныхаар?

-Өөртөө итгэлтэй байдлаар л илэрхийлэгддэг. Сайхан муухай төрх, сайн муу ааш бол хамаагүй ш дээ.

-Юунаас хамгийн их айдаг вэ?

-Бусдын итгэлийг алдахаас.

-Амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг?

-Ээжийн минь бэлэглэж байсан номнууд. Мэргэжлийг маань дагаж ирсэн ард олны маань итгэл.

-Таны бахархал?

-Үндэс угсаа, энэ сайхан хангай нутаг минь.

-Аймгийнхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Монгол уламжлалыг хадгалсан шинэ технологи, дэвшилтэд санаануудыг нэвтрүүлэх хэрэгтэй. Залуучууд маань л  хөдөлмөрч байж, зөвийг сэтгэж чадвал хөгжлийн маш олон боломж байгаа.

-Баярласан талархсан сэтгэлээ хэрхэн илэрхийлдэг вэ?

-Сайхан инээнэ. Мэдээж ач тусыг нь мартахгүй байж, боломж л гарвал туслах гэж хичээнэ.  Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг бодол л төрнө дөө.

-Салахыг хичээдэг муу зуршил?

-Фэйсбүүкэд их хугацааг зарцуулж байна даа.  Хааяа маш их алсарчихдаг.

-Таны амьдралдаа хийсэн бүтээсэн зүйлүүдээс хамгийн  их сэтгэл ханамжтай байдаг нь юу вэ?

-Эмч хүн эдгэрсэн хүнээ харахад л хамгийн их сэтгэл ханамжийг мэдэрдэг байх. Түүнээс гадна бага ч гэсэн нийгэмд оруулж буй өөрийнхөө хувь нэмэрт сэтгэл хангалуун байдаг. Жишээ нь анх дунд сургуулийн багштайгаа хамтран олон улсын байгууллагад төсөл бичин дэмжлэг авч, аймгийн төв дотор мөөгөн хэлбэртэй хогийн савнуудыг байрлуулж байлаа. Тэд хэрэгцээтэй хэвээр л байгаа.  Тэгээд  оюутан байхдаа Галданзуугийн сүмийг сэргээн засах ажлыг Зая гэгээн багшийнхаа тусламж дэмжлэгтэй зохион байгуулан хийж байлаа. Уг нь түүх соёлын томоохон үнэт зүйл шүү дээ. Тэгээд одоогоор эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулан Гандан хийдийнхээ тусламжтайгаар энэхүү уламжлалт анагаах ухааны эмнэлгээ байгуулан ажиллаж байгаа явдал юм уу даа.

-Амьдралдаа мөрддөг зарчим?

-Худал амлалтгүй байх.

-Худалдаж авах дуртай зүйл?

-Ном.

-Хамгийн том өв хөрөнгө?

-Хүмүүжил л гэж боддог.

-Таны хобби?

-Төвд хэл дээрээс хуучны ном судрыг орчуулах.

-Нууц авьяас тань?

-Хоол хийх.

-Хайр, дурлал хоёрын  ялгаа нь таныхаар?

-Дурлал бол зүгээр тухайн үеийн сайхан байдалд татагдах мэдрэмж л байх. Харин тэр нь итгэл гэдэг зүйлээр сүлэгдвэл хайр болох байх аа.

-Таны хийх дуртай хоол?

-Мах чанаад шөлийг нь сүүгээр сүлээд, банш болон бас бус уламжлалт эмийн зүйлээр амтлаад нэг тийм хоол байдаг юм аа. Нэр байхгүй.

-Дуртай дуу тань?

-За ер нь төрөл бүрийн л дуу сонсоно. Өөрчлөгдөнө. Одоо бол Mixtape, lana del rey сонсож байна.

-Хамгийн их хэлэх дуртай, сэтгэлд хоногшсон шүлгийн дөрвөн мөртийг хэлнэ үү?

Хүн хүнээс онцгой байх гэж хүний ертөнцөд төрсөн юм биш

Хазгай бүхнийг тэгшлэх гэж хатуу хорвоод ирсэн юм биш

Хувилгаан хэрэгтэй болоод бурханы орноос уригдаж ирээгүй

Хулгайч хэрэгтэй болоод чөтгөрийн орноос баригдаж ирээгүй 

Хүн хэрэгтэй болоод хүний ертөнцөд төрсөн юм.... гээд л /Р.Чойном/

-Багын мөрөөдөл тань юу вэ.  Мөрөөдөлдөө хүрсэн үү?

-Ид шидтэн болж хүмүүст тусалдаг хүн болохыг хүсдэг байлаа. Өөрийнхөө хэмжээнд бол мөрөөдөлдөө хүрээгүй ээ.

-Үлгэр дуурайлал авдаг, хүндэлж явдаг хүн тань?

-Өвөө, эмээ нар маань.

-Амарч алжаал тайлахдаа очих дуртай газар, хийх дуртай зүйл?

-Өөрийн төрж өссөн газар л их сайхан санагддаг байх. Би Цэнхэрийн голдоо очих их дуртай, тэгээд л малд яваад л, багадаа хийдэг байсан зүйлээ хийхэд л их сайхан байдаг.

-Дэлхий дээр ганцхан зүйл өөрчлөхийг зөвшөөрвөл та юуг өөрчлөх вэ?

-Хүмүүсийг худлаа хэлдэггүй л болгочихвол...

-Хүүхэд насны хамгийн мартагдашгүй сайхан дурсамж?

-Би хүүхэд насныхаа үйл явдлыг маш сайн санадаг. Бараг бүгдийг нь гэж хэлж болно. Зарим хар бараан  зүйл байдаг ч одоо бол хүүхэд насны дурсамж учраас бодож санаж байхад сайхан л байдаг.

-Таны аффоризм?

-Миний аффоризм гэж юу байхав. Гэхдээ бусдын хүслээр бус өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч сур гэдэг үг их таалагддаг.

-Өөртөө өгсөн хамгийн том бөгөөд чухал амлалт юу вэ?

-Хүн заяаны амлалт, эр болсны андгай, эмч болсны тангараг бүгд л няцаж буцаж болохгүй зүйлүүд, тиймээс их хэцүү л дээ. Дан ганц өөрийн амин хувийн эрх ашгаа хэзээд эрхэмлэж болохгүй гэсэн бодол л байна.

-Таныг илэрхийлэх өнгө?

-Улбар шар. Нэг тийм дулаан, хурц өнгө.

-Ажил мэргэжлийн тань онцлог?

-Өвчин бол нэг төрлийн зовлон, түүнээс ангижруулах нь эмч хүний үүрэг. Өвчний уг шалтгаан нь хүний дотоод сэтгэлээс үүдэлтэй байх тохиолдол их байдаг. Уламжлалт анагаах ухааны онолд бие, хэл, сэтгэл гурвыг цогцоор уг шалтгаанаас нь эмчлэх нь хамгийн чухал гэж зааж сургадаг. Энэ л миний мэргэжлийн бусдаас ялгарах онцлог. Мөн хүн байгальтайгаа маш ойр.

-Ажилдаа баримтлах гол зарчим?

-Чанартай, мөн нийтийн эрх ашгийг эрхэмлэсэн байх явдал.

-Итгэл гэж юу вэ. Хэр зэрэг итгэмтгий вэ?

-Харилцааны суурь үндэс болов уу. Сайн санааны уг үндсээс гардаг юм шиг санагддаг. Би их итгэмтгий байсан. Үүнээсээ болж бас их олон зүйл дээр алдсан болохоор сүүлийн үед  амархан итгэхээ болиод л байгаа.

-Гэр бүлээс гадуурх харилцааг юу гэж үздэг?

-Сайн мэдэхгүй юм аа. Хүмүүсийн харилцааны явцад тийм зүйл их л гардаг юм шиг байгаам. Хэн нэгнийгээ эргээд зовлон шаналалд учруулах зүйл  шүү дээ. 

-Таны дараагийн зорилго, үйл ажиллагаа?

-Архангай аймагтаа уламжлалт анагаах ухааны цогцолбор эмнэлгийг байгуулж, орон нутаг дахь Монголын жишиг уламжлалт анагаах ухааны төв болгон ажиллуулахаар төсөл боловсруулан ажиллаж байна даа. Тус төслийн хүрээнд орон нутгийнхаа уламжлалт анагаахын эмч мэргэжилтэн нартайгаа хамтран хямд, чанартай, хүртээмжтэй, эмчилгээний шинэ технологид суурилсан, уламжлалт анагаах ухааны үйлчилгээний зөв тогтолцоог бий болгосон эрүүл мэндийн байгууллагыг бүтээн байгуулж, тогтвортой ажиллуулах бөгөөд одоогоор хөрөнгө оруулалтын асуудал дээр анхааран ажиллаж байна.  Үр ашгийг нь хамгийн түрүүнд Архангайн ард иргэд маань л хүртэнэ дээ.

-Ажил албаны тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ? Жишээ нь цогц эмнэлэг байгуулахад мэдээж зардал их өндөр гарах байх. Хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

-Гарцыг хайна, боломжийг олно, төлөвлөнө, хэрэгжүүлж эхэлнэ. Бидэнд хөрөнгө оруулалтын санал  ирсэн судалж байгаа. Гэвч эмнэлэг маань хэн нэгний бус, олон нийтийн ялангуяа манай аймгийн иргэн бүрийн эмнэлэг байх тогтолцоог чухалчилж байгаа  Тиймээс бид ард иргэдийнхээ оролцоо тусламжийг хүсч байгаа.  Тэр нь нэг гэр бүл, иргэн тухайн эмнэлгээр үйлчлүүлэх үйлчилгээний төлбөрийг урьдчилан хөрөнгө оруулалт хэлбэрээр хандивлах санал тавьж байгаа юм. Эмнэлэг баригдсаны дараа хөрөнгө оруулалт болон хандивын хэмжээнээс хамаараад түүндээ ногдох үнэгүй үйлчилгээ авчихна. Хандивын хэмжээ ямар ч байж болно. Хамгийн гол нь иргэд маань эхлээд энэхүү үйлсд сайн дураар туслан оролцох хүсэлтэй байгаа саналаа ирүүлсний дараа тохиролцож, гэрээ байгуулж хамтран ажиллана. Оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр цаашид тус эмнэлгээс хямдралтай үйлчилгээ аваад явах боломжтой болно. Нэг талаараа эмнэлэг барих үйлсэд оролцож байгаа гэгээн үйлс, нөгөө талаараа өөрсдийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж байгаа үйл явц.

-Мөнгө таны хувьд юу вэ?

-Цаг үеэсээ л хамаарч тодорхойлолт нь өөрчлөгдөж байх юм. Одоогоор бол эмнэлгийн бүтээн байгуулалтанд маань хөрөнгө шаардлагатай байгаа учраас чухал л санагдаж байна. Хамгийн гол нь түүнийг үр ашигтай зүйлд л зарцуулах хэрэгтэй.

-Дотоод сэтгэл рүү тань бага зэрэг өнгийвөл?

-Хааяа их ганцаарддаг.

-Иргэн хүний хувьд та нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж байгаа вэ?

-Сайн мэддэггүй юм аа. Ямартай ч сурч боловсорч байна. Шинээр санаачлан ажиллаж байна. Татвараа төлж байна.

-Ирээдүйн зовинол?

-Би  уг нь монгол хүний эрүүл мэндийн асуудалд л санаа зовинож баймаар санагддаг юм. Гэвч энэ төр засгийн байдал их сонин байна. Намчирхал, худал амлалт, өнөө маргааш өөрийгөө тойрсон асуудлыг чухалчилсан сэтгэлгээ. Цаашид яах юм байгаа. Нийгмийн аль ч салбарт  бий болоод байгаа соёл, ёс суртахуун, хүмүүжлийн асуудал гээд л.

-Таны амьдралыг сайхан өнгөөр тодруулж яваа зүйл юу вэ?

-Эзэмшсэн мэргэжил, хүрэх хүсэл зорилго маань. 

-Шашин шүтлэг гэж таныхаар юувэ?

-Бид өөрсдийн сэтгэл дотор аз жаргал сайн сайхан зүйл гэж байдаг, бусдад туслах сайхан байдаг гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэрдэг. Түүнийг л илүү их хөгжүүлэх зүйл юм болов уу л гэж боддог.

-Өдрийн дэглэмтэй юу. Сонирхвол?

-Өглөө заавал ус юм уу, өтгөн хар цай ууна. Өдрийн гэхээсээ улирлын шинж чанартай дэглэм байдаг. Монгол эрс тэрс уур амьсгалтай учраас улирал бүрийн хөдөлгөөн, хооллолт, унтаж амрах,  хувцаслалтын хуваарь өөр өөр байвал зохимжтой шүү дээ.

-Нөхөрлөлийн үнэ цэнийг юу гэж боддог вэ? Найзын талаарх үнэлэмж тань?

-Нөхөрлөл их чухал шүү. Хэн нэгнээсээ ямар нэгэн ашиг хонжоо харж нөхөрлөсөн нөхөрлөл бол тодорхой хязгаарлалттай байдаг. Харин зүгээр л хэн нэгнийхээ амьдралын замд санасан зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хань нөхөр болж явах сайхан л даа

-Таны амжилтын нууц?

-Одоохондоо их амжилт гаргасан гэж боддоггүй. Гэвч бусдын итгэлийг алдахгүй тууштай зүтгээд л байвал амжилт гарч л таарна.

-Ямар спортод дуртай вэ?

-Нэг тийм ширээний төрлийн спортууд, кибер спортод л дуртай даа. Теннис, биллъярд, шатар гээд л.

-Өнөөгийн залуусын давуу ба сул тал?

-Нийлж зугаалж, цэнгэж шоудаж чаддаг мөртлөө нийлж хамтран ажиллаж бүтээж чаддаггүй л юм шиг санагддаг.  Маш хурц ухаантай, сэргэлэн самбаатай болж өсч торниж байна. Тэр хурц ухаанд ёс суртахуун суулгаад, зөв  хэрэгцээт мэдлэг боловсорлоор цэнэглэчихвэл  ч төгс үеийнхэн л дээ.

-Яг одоо орон нутгийн залуустаа хандаж хэлэх үг.

-Өөрсдийгөө л битгий хуураарай. Эдийн засаг, нийгэм, сэтгэлгээний шинэ давалгаа түрж байна. Залуучууд бид харилцаа хандлагаа өөрчлөн, үзэл санаагаа нэгтгэн хамтран ажиллаж байж л амжилтанд хүрнэ. Өөрийнхээ эрх ашгаас илүүтэй бусдын эрх ашгийг бодолцож аливаа зүйлийг хийж байгаасай л гэж хүсч байна.

/Архангай сэтгүүл. 2018 он. 01/01/

179   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох