Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
My Arkhangai   2020-11-19

ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ - АРХАНГАЙН ОЮУНЫ БҮТЭЭЛИЙН ГАЙХАМШИГ

ТАНИН МЭДЭХҮЙ

АРХАНГАЙН ОЮУНЫ ГАЙХАМШИГ /цуврал-1/

ЦЭГМИДИЙН НАМСРАЙЖАВЫН БҮТЭЭЛ

Ц.Намсрайжав 1927 онд Тариат сумын нутаг “Дархан уул” хэмээх газарт төржээ. Бага насандаа Улаанбаатар хотод шилжин ирж, улмаар найман настайдаа “Бөмбөгөр ногоон” Театрт дагалдан хөгжимчнөөр орж, нэрт хуурчин ардын жүжигчин О.Дашдэлэг гуайн шавь болж, хөгжимчин болох гараагаа эхэлжээ.

1952-1957 онд Москва хотын хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж “Хөгжмийн удирдаач” мэргэжил эзэмшээд 1957 оноос Улсын симфони найрал хөгжмийн удирдаач, дарга, уран сайхны удирдаач, ерөнхий удирдаачаар ажиллаж байв. Дан хөгжмийн зохиол, вальс, хөгжмийн дүрслэл, бүжгийн хөгжим, зохиомж, симфони, жүжиг киноны хөгжим, нийтийн дуу олныг зохиож, Монголын хөгжмийн зохиолчдын 50 гаруй бүтээлийг найруулан удирджээ. Түүний бүтээлүүд дотроос “Хувьсгалт баатарлаг морт” Баярын жавхаа” удиртгал, “Говь гурван сайхан” симфони найраглал нь ард түмнээс өндөр үнэлэлт авсан юм. Эх орондоо хайртай хэн бүхний зүрх сэтгэлээс уяатай байдаг, зууны манлай дуугаар шалгарсан “Халуун элгэн нутаг” дуу нь зөвхөн эх орондоо төдийгүй монгол туургатны сүлд дуу болсон бөгөөд энэ дуунд зориулан Улаанбаатар хотын төв гудамжинд хөшөө босгосон билээ.

Ц.Намсрайжав нь МАХН-ын XV, VII их хуралд төлөөлөгчөөр оролцож, АИХ-ын VII сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байжээ.

Ц.Намсрайжавын гэргий МУГЖ, хөгжимчин Д.Цэрэндолгор (1931-1965) агсан бөгөөд эднийх дөрвөн хүүхэд төрүүлж өсгөжээ. Хүү Бүтэнбаяр нь аавынхаа мэргэжлийг өвлөн авсан Урлагийн гавьяат зүтгэлтэн бөгөөд хүү Сандагсүрэн нь Санкт-Петрбургийн Мухины нэрэмжит академи төгссөн монументалист зураач, хүү Лувсанжав нь хуульч, төрийн түшээ, хүү Энхбаяр нь сэтгүүлч, дуучин, хөгжимчин болжээ.

Ц.Намсрайжавын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндөр үнэлж, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алтан гадас” одонгоор шагнагдаж, 1957 онд “Улсын гавьяат жүжигчин” цол, 1971 онд Төрийн шагнал, 1981 онд “Ардын жүжигчин” цол олгож, Улсын филармонийг түүний нэрэмжит болгожээ.

Ц.Намсрайжавын нэрэмжит Тариат сумын Соёлын төвд болон Монгол улсын театрын музейд энэхүү алдарт хүмүүний түүхтэй холбогдох дурсгалууд хадгалагдаж байдаг бөгөөд сэтгүүлч СГЗ Г.Золжаргал Ц.Намсрайжав гуайн тухай баримтат кино хийсэн байдаг.

/Ц.Намсрайжав нөхөдтэйгээ/

Шүлгийг Ж.Бадраа

Аяыг Ц.Намсрайжав

ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ

Элэг зүрхнээс уяатай

Энхрий Монгол нутаг минь

Эцэг эхээс заяатай

Эрдэнийн алтан өлгий минь

Цэцгийн шимийг тэтгэсэн

Цэнгэлийн хавар айлчлахад

Мөрөн гол минь дуугаа дуулж

Мөнх сарьдгууд мишээдэг ээ

Сэрүүн салхи сэвсүүлсэн

Нацар нүүрийг үнсэн байж

Сэтгэл дотрыг ариулсан

Халуун элгэн нутаг минь

 

Тайлбар: “Архангай судлал - инновацийн төв” ТББ-аас “Архангайн амьдрал” сониноор Архангайчуудын оюуны гайхамшигт бүтээлүүдийг сурталчлан алдаршуулж байна.

297   0
НИЙТЭЛСЭН: MyArkhangai

Санал болгох