Лхагва 2019-01-02 Цэцэрлэг
ЦОНХОО НЭЭЕ   2019-05-30

ХӨРСИЙГ ШИНЖИЛДЭГ Ч ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ ХАНГАЛТГҮЙ

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай, нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь хөрсийг бохирдуулагч эх үүсвэр болж байна.

“Агаар орчны бохирдлыг бууруулах” үндэсний хөтөлбөр, Эрүүл ахуйн тухай хуулийн хүрээнд аймгийн МХГ-аас жил бүрийн 5, 6-р сард хөрсний бохирдлын байдалд хяналт шинжилгээ хийдэг байна.

Аймгийн МХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч С.БАЯНЖАРГАЛ: 2018 оны 7-р сард аймгийн төвийн хог хаягдлын нэгдсэн цэг, хүнсний зах, “Бөх билэгт” цэцэрлэгт хүрээлэн, 1-р сургууль, Арслан цохионы гудамж гэсэн 5 цэгээс хөрсний дээж авч нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр хогийн төвлөрсөн цэг, 1-р сургууль орчмын хөрсөнд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй боловч дунд зэргийн бохирдолтой гарсан. Шинжилгээний хариу гармагц холбогдох байгууллагуудад мэдэгдэж хариу арга хэмжээ авах албан шаардлага хүргүүлдэг гэв.

ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ЭСРЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

ДОРВИТОЙ АЖИЛЛАДАГГҮЙ

Өнөөдрийн байдлаар ил задгай хог хаягдал хаяж, угаадас асгаж байгаа иргэдэд эхний ээлжинд мэдэгдэл хүргүүлнэ. Харин дараагийн шатанд зөрчлийн хуулиар торгох хуулийн заалт үйлчилж байна. Ил задгай хог хаяж, угаадас асгаж байгаа иргэдийн талаар багийн Засаг дарга нарт тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдээс гомдол санал тасардаггүй аж. Гэвч одоогоор мэдэгдэл хүргүүлэхээс хэтрэхгүй, авсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн ажил алга байна.

Хөрсний бохирдлыг бууруулах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзсан боловч одоогоор дорвитой ажил хийгээгүйгээ хүлээн зөвшөөрч байсан юм. Харин цаашид хөрсний бохирдлыг онцгойлон анхаарч, төсөв хуваарилж ажил болгоно гэж байлаа.

Төрийн байгууллагаас илүүтэй олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийн зүгээс хөрс, орчны бохирдолд санаачилгатай ажилладаг байна. Тухайлбал: Дэлхийн зөн ОНХХ Архангай 1, 2-оос 2018 онд орчны эрүүл ахуйг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэбулган сумын 115 өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулж, мөн 7 багийн Эрүүл мэндийн төвийг сайжруулсан био жорлонгийн материалаар хангажээ. Азийн хөгжлийн банк, Билл Гейтсийн сангийн хамтарсан ТА-9100 төслийн хүрээнд гэр хорооллын 100 өрхийг сайжруулсан нүхэн жорлонгоор хангах төсөл 2018 онд Эрдэнэбулган суманд хэрэгжжээ.

ЖОРЛОНГОО ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн 1,5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна. Тэгвэл Эрдэнэбулган сум 23 мянган хүнтэй гэж тооцвол хоногт гарах ялгадсны хэмжээ дунджаар 2,6 тн, сард 78 тн болж байна. Үүнийг нэг сараар үржүүлж, куб метрт шилжүүлбэл бид 30 хоногт 742 м3 хөрсийг ялгадсаараа бохирдуулж байгаа юм.

ХӨРСНИЙ БОХИРДЛООС ҮҮСДЭГ

ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ГАРАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Халдварт сүрьеэгийн тасгийн эрхлэгч Ц.ЦЭРЭНДЭЖИД: Хөрсний бохирдолтой шууд хамааралтай цусан суулгац, балнад зэрэг өвчин нь сүүлийн 3 жилийн байдлаар улирлын чанаргүй болж, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсч байна. 2018 онд энэ төрлийн өвчний 54 тохиолдол бүртгэгдсэн бол 2019 оны 3-р сарын байдлаар 28 тохиолдол бүртгэгдсэн. Дулааны улирал эхэлж байна. Өвчлөл нэмэгдэх хандлагатай байна гэлээ.

Хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авч болдог. Ялаа, шимэгч амьтадтай тэр бүр тэмцэж чадахгүй учраас айл өрх, иргэн бүр угаадсаа ил задгай асгахгүй байж, бохир усны цооног, эко жорлонтой болох зэргээр өөрсдөөсөө шалтгаалах арга хэмжээг авах нь чухал юм.

Бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-500 хоног хадгалагддаг байна. Халдвар дамжуулагч хачиг, нохой, бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин ийнхүү бүрддэг ажээ. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг мөн бохирдуулдаг.

Хөрсний бохирдлоос үүдээд гадаргын болон гүний ус бохирдож, ард нийтээрээ өвчинд нэрвэгдэж болзошгүй юм. Иймд хөрсний бохирдлын эсрэг хүн бүр, өрх бүрийн ухамсарт оролцоо хэрэгтэй байна. Ирээдүй хойчдоо эрүүл хөрсийг үлдээе.

479   0
НИЙТЭЛСЭН: Б. Мандуул

Санал болгох