РЕЗИНЭН ЧИХРЭЭС БОЛЖ ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ
Эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгаагаас шалтгаалан бага насны хүүхэд цаг бусаар хорвоог орхих тохиолдол нийгмийг сэртхийлгэсээр байна. Дархан-Уул аймагт бага насны гурван хүүхэд халуун усанд түлэгдэн амь насаа алдсан хэрэг балраагүй байтал ой найман сартай хүүхэд резинэн чихрэнд хахаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн малчин Г нь Өгийнуур сумын Цорго гэх газар отор хийж байгаад 2-р сарын 7-ны үүрээр буюу 4.00 цагт Улаанбаатар хотруу эхнэрийн хамт явсан байна. 6.00 цагийн үед асран хамгаалагчаар үлдсэн эмээ уйлахад нь чихэр өгч тайвшруулсан нь энэ хэргийн шалтгаан болжээ.
Бага насны хүүхэд чихрэнд хахлаа гэсэн дуудлага 2-р сарын 7-ны өглөө 07 цаг 20 минутад Өлзийт сумын ЭМТ-д ирсэн байна.
Дуудлагын дагуу эмнэлгийн ажилчид очиход тухайн хүүхэд ямар нэг ил шархгүйгээр амьсгал хураасан байдалтай байжээ.
Аймгийн шүүх эмнэлэг, цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр ажиллаж байна.
Резинэн чихрийг амьтны арьс болон яс, химийн олон төрлийн бодис, маш их хэмжээний элсэн чихрээр хийдэг байна. Резинэн чихэр нь хүний ходоодонд ороод хөөдөг. Улмаар хорт хавдар үүсэх шалтгаан нөхцөл болдгийг хоол зүйчид судалжээ.
“Уйлаад үхэх биш” гэдэг үгтэйсэн. Хүүхдийг уйлж, уцаарлахаар нь чихэр өгч дасгаснаар нэгэнт зуршил болгодог нь томчуудын л шууд нөлөөлөл юм. Ухамсаргүй энэ үйлдлээ татаж СЭРЭМЖИЛЦГЭЭЕ.
Б.МАНДУУЛ
Т.ЭНХЦЭЦЭГ /Өлзийт суман дахь сурвалжлагч/