ШУУДАНГИЙН ДОГОЛДЛЫГ “ШУУРХАЙ” НӨХӨЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ...
Хөгжлийн хамгийн чухал нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх билээ. Гарт байгаа “утас” гэх бяцхан төхөөрөмжийн ачаар хаа хол байгаа ойр дотныхонтойгоо дэргэд мэт харилцах, хүссэн сургуульдаа суралцах, таашаалд нийцсэн ямар ч барааг захиалан авч хэрэглэх гэх мэтээр хот, хөдөө, гадаад, дотоодын ялгаа арилсаар. Энд учрах нэгэн хүндрэл нь хөдөө орон нутагт захиалсан барааг хэрэглэгчийн гарт саадгүй хүргэх хүргэлтийн тогтолцоо буюу шуудан хүргэлтийн үйлчилгээний доголдол бодитоор оршин байна.
Дотоодын шуудан үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудаснаас хялбархан харж болно. Энд дотоодын шуудан үйлчилгээ эрхлэх эрх авсан 16 компаний нэр, үйлчилгээний хүрээ, хэдэн он хүртэл үйлчилгээ эрхлэх эрхтэй зэргийг харуулдаг. Дээрх 16 байгууллагаас 12 нь орон даяар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ч олонх нь Улаанбаатар хотод төвлөрөн ажилладаг. Харин улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 гаруй байгууллага байдаг аж. Улс хоорондын шуудангийн үйлчилгээ хэдий шуурхай сайн байв ч дотооддоо шуудан түгээх сүлжээ нь Улаанбаатар хотоос хэтрэхгүй байх нь хүн амын 2/3 -т буюу хөдөөгийн иргэдэд шуудангийн үйлчилгээ чирэгдэлтэй хүрдэг гэсэн үг. Мөн гадны орноос шуурхайлан ирсэн шуудан дотооддоо гацах, хүргэлт удаашрах нь бид олон улсын шуудангийн сүлжээний тасралтгүй үргэлжлэх шугам болж чадахгүй байна гэсэн үг.
Дотоодын шуудангийн үйлчилгээ ашиг орлого багатай бизнес гэгддэгээс хувийн хэвшлийнхэн төдийлэн сонирхохгүй орхигдож, ихэнх ачаа төрийн нуруун дээр хэвээр байхад, төрийн зүгээс удирдлага, зохион байгуулалтыг нь орхигдуулсаар байна. Хөдөө, орон нутагт бичиг захидал, илгээмж илгээх, хүлээн авах үйлчилгээг аймгийн төв хүртэл төрийн өмчит үйлдвэрийн газар болох Авто тээврийн үндэсний төв болон төрийн өмчит хувьцаат компани болох Монгол шуудан ХК хариуцан үзүүлж байна. Үүн дээр хувийн таксичид “дайвар хүргэх” гэсэн нэршлээр уг үйлчилгээг эрхэлж буй.
Архангай аймгийн төвд Монгол шуудан ХК өөрийн унаагаар ачаагаа долоо хоногт хоёр удаа татаж, сумдад шууданг долоо хоногт нэг удаа хүргэдэг гэнэ. Гэтэл энэ компани “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” гэсэн нэртэй төрийн тусгай сангаас шуудангийн автомашин авах зориулалтаар хөрөнгө оруулалтын дэмжлэгт 2011-2018 оны хооронд 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, “шуудан үйлчилгээг хөдөөгийн 330 сумд долоо хоногт гурван удаа, 2100 багт долоо хоногт нэг удаа хүргэдэг болсон” гэсэн тайлан гаргаж, тэр нь Сангийн яамны цахим хуудаснаа дурайн харагдана. Иймд хариуцсан яам, улсын хороо нь Шуудангийн тухай хуулийн 16-р зүйлийг хэр хангалттай хэрэгжиж байна гэж дүгнэдэг, бодит байдал тайлан хоёрын зөрүүг хэрхэн тайлдаг нь сонин.
Харин Авто тээврийн үндэсний төв өдөрт гурван удаа Улаанбаатараас аймгийн төв хүртэл хүн, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж, тээш хадгалан түгээх үйлчилгээ нь өргөжин тэлсээр. Давтамж нь олон, үйлчилгээ шуурхай ч шуудангийн үйлчилгээнд тавигдах стандарт, шаардлага хуулийн хэрэгжилтээс гадуур явагддаг, засах залах зүйл байна. Үүнд:
- Хөдөө орон нутагт бараа хүргүүлэх хувь хүн, байгууллага Авто тээврийн үндэсний төвийн тээш хүлээн авах кассаар үйлчлүүлдэггүй, ихэнхдээ шууд автобусны жолооч нарт ачаа барааг өгдөг. Жолооч дайвар бүрт өөрийн хүргэлтийн үнийг тогтоон үйлчилгээний хөлсийг авдаг нь төрөөс тогтоосон тарифийг мөрдөхгүй байгаа явдал юм. Үүнийг засахаар Авто тээврийн үндэсний төвийн тээшийн кассаар үйлчлүүлбэл кассанд бичилт хаягжуулалт, хадгалалт зэргийг албажуулан хийх ч энэ үйлчилгээндээ давхар хөлс авдгаас илгээгч байгууллагын хувьд хүргэлт хийлгэх зардал өсдөг гэнэ. Тухайлбал, “TEMU” интернэт худалдаа дэлхийн хаана ч захиалсан барааг хүргэлтийн хөлс авалгүйгээр захиалагчид хүргэх үйлчилгээтэй. Энэ үйлчилгээг манай улсад Монгол шуудан ХК болон UBcab ХХК-аар дамжуулан авах боломжтой. Сүүлийн гурван сарын хугацаанд UBcab ХХК ачаагаа Авто тээврийн үндэсний төвөөр дамжуулан орон даяар түгээж эхэлжээ. Гэтэл автобусны жолооч нар тээврийн зардал авч, хэрэглэгчид “TEMU” компани болон UBcab ХХК-д гомдол мэдүүлж эхэлжээ. Тээврийн хөлс нэмэлгүй хүргэх бараа чухам яагаад үнэтэй хүргэгдэж эхэлснийг мөшгөвөл, тээвэрлэгч жолоочийн ажлын хөлс байснаар зогссонгүй, Улаанбаатар хотоос Архангай аймгийн төв хүртэл тээвэрлэн ирсэн барааг, аймгийн төв дотор 3000 төгрөгийн хөлсөөр хүргэх давхар үйлчилгээг бий болгож амжжээ. Энэ байдлыг засахаар UBcab ХХК, Авто тээврийн үндэсний төвтэй ярилцахад тээврийн үйлчилгээн дээр бүртгэл, хаягжуулалт гэх мэтээр шуудангийн стандарт үйлчилгээний хөлс нэмэгдэх болсон нь UBcab ХХК-ий зардлыг өсгөх тооцоо гарч, шийдлийг олоход бэрх болгожээ.
- Цахим худалдаанаас захиалсан бараа нь алга болсон гэх гомдлын араас мөшгөхөд ачаа бараа хүлээн авах, хүлээлгэн өгөхөд шуудангийн стандарт мөрдөөгүй алдаа гарсан байлаа. “Илгээгч байгууллага жолоочид өгсөн гэх, жолооч хэдэн ширхэг бараа хүлээн аваад тээшинд тоо ёсоор өгсөн гэх, тээш хүлээн авсан тоо ширхэгтэй бараанд тухайн хүлээн авагчийн дугаар бүртгэгдээгүй гэх” олон тайлбар дунд захиалсан бараа алга болсон. Азаар энэ бараа нь цахим дэлгүүртээ тун нарийн бүртгэлтэй, захиалгын дугаар, ачилтын дугаар нь тодорхой байснаас, захиалагч дэлгүүрийн эзэдтэй холбогдон хохирлоо барагдуулжээ. Харин дотоодод шуудангийн үйлчилгээ үзүүлэгч UBcab ХХК болон Авто тээврийн үндэсний төвийн үйлчилгээнд барааны дамжуулалтын явцад бүртгэл хийхгүй байгаа нь бараа алдагдах эрсдлийг үүсгэжээ.
Дэлхийн шуудангийн үйлчилгээний тасралтгүй урсах нэгэн судас болсон дотоод сүлжээ энэ мэтээр доголдож, нийтийн шуудангийн үйлчилгээний шуурхай, найдвартай байдал алдагдаж буйг засан залах үүргээ умартахгүй байхыг хариуцсан яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны анхааралд хандуулж байна.
Р.Оюунбилэг
“Архангайн амьдрал” сонин