АНХНЫ ЭМЭГТЭЙ ЖҮДОЧ СУРАГЧ
Тэрээр: “Тэмцээнд оноогоор хожигдож яваад сүүлийн 10 секундын хугацаанд ялах мэдрэмж хамгийн сайхан. Оноогоор хожиж яваад сүүлийн мөчид харамсалтайгаар ялагдах ч үе тохиолдож байлаа. Цаашдаа чөлөөт бөхөөр шамдан хичээллэж, тив, дэлхийн хэмжээний тамирчин болох мөрөөдөлтэй” гэв.
Шавь Э.Отгонбилэг маань эмэгтэй хүүхдээс гарахааргүй маш их тэвчээртэй, эцсийн мөч хүртэл бүх хүчээ дайчлан барилддаг. Бөхийн бэлтгэлээ тасалдаггүй, яг цагтаа ирдэг, багшийнхаа үгийг маш сайн сонсож, хэрэгжүүлдэг хэмээн биеийн тамирын багш Ц.Уламбаяр онцолсон юм.
8б ангийн сурагч Э.Отгонбилэг: Би 5-р ангид байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Манай эгч Э.Одонжаргал бөхөөр хичээллэдэг байсан учир надад их нөлөөлсөн. Би барилдах ч сонирхолтой байсан. 6-р ангидаа Дархан-Уул аймгийн 1-р 10 жилд 1 жил шилжин суралцсан юм. Энэ үед Дархан-Уул аймагт болсон Хүүхдийн их наадмын жүдо бөхийн 30кг жинд хүрэл медаль хүртэж, ихэд баярлан, урам зориг авч байлаа. 7-р ангидаа төрөлх сумынхаа сургуульд ирж, бөхийн дугуйландаа өнөөг хүртэл хичээллэсээр байна. Сая 2-р сард болсон Жүдо бөхийн ААШ тэмцээний U-13 насны ангиллын 40кг жинд хүрэл медаль, 3-р сард Самбо бөхийн U-17 насны ангилалд алтан медаль хүртсэн. Бөхийн бэлтгэл хийхэд миний үеийн эмэгтэй хүүхэд байхгүй болохоор эрэгтэй хүүхдүүдтэй бэлтгэл хийхээс өөр аргагүй болдог. Бэлтгэл хийхэд ангийн найз Б.Өнөрсайхан их тусалдаг.
Биеийн тамирын багш Ц.Уламбаяр: Төрөлх сургуульдаа биеийн тамирын багшаар анх ирчихээд, таван сурагчийг бэлтгэн, ААШ чөлөөт бөхийн тэмцээнд оролцуулж, 9б ангийн сурагч Д.Нямдорж 42кг жинд хүрэл медаль авсан нь дараа дараагийн амжилтуудын их гараа болсон гэж бэлгэшээдэг. Энэ богино хугацаанд шавь нар маань ААШ тэмцээнээс 20 медаль, Үндэсний бөхийн таван сумын бүсийн тэмцээнээс 22 медаль хүртсэн. Медальт, 5-р ангийн Г.Мөнхбадрах, 6-р ангийн Г.Булган-Эрдэнэ, 7-р ангийн Э.Пүрэв-Очир, 8-р ангийн Б.Өнөрсайхан, 9-р ангийн Б.Өлзий-Утас зэрэг шавь нараа нэрлэхэд таатай байна. 2023 онд МУ-ын аварга Г.Өсөхбаярын нэрэмжит “Аваргын гараа” үндэсний бөхийн барилдаанд Г.Мөнхтулга 130 хүүхдээс 14-15 насны ангилалд шигшээ 12-р байрт орж,
Б.Аръяабал “Уран барилдаанч” бөхийн шагналыг хүртсэн юм. Сургуульдаа “Бэлтгэл бас дахин бэлтгэл. Хөдөлмөр хүнийг бүтээнэ” гэсэн уриатайгаар жүдо, чөлөөт, самбо, үндэсний бөхийн дугуйланг өглөө, өдрийн гэсэн хоёр ээлжээр таван өдөр хичээллүүлж байна. Одоогоор дугуйланд 40 гаруй сурагч хамрагдаж байгаагаас дөрвөн эмэгтэй сурагч байгаа. Үндэсний бөхөөр улс, аймаг, сумын алдар цолтой бөх төрүүлэх том зорилго өвөртлөн, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна гэлээ.
8б ангийн сурагч Б.Өнөрсайхан: Э.Отгонбилэг бид хоёр нэг ангид, нэг ширээнд суудаг. Бас дотуур байранд хамт амьдардаг. Хоёулаа бөхөөр хичээллэх дуртай, том амжилт гаргахын төлөө бид хичээж байгаа. Ихэнхдээ бөхийн мэх, бөхтэй холбоотой яриа их өрнүүлдэг дээ. Жүдо бөхийн U-13 насны ангиллын 42кг жинд ААШ тэмцээнээс хүрэл медаль, Самбо бөхийн U-17 насны ангилалд ах нартайгаа барилдаж, мөнгөн медаль хүртсэн. Манай ах үндэсний бөхөөр барилддаг болохоороо “чи чадна” гэж урмын үгээр тэтгэж зоригжуулдаг. Тэмцээний үеэр нутаг ус, аавынхаа нэрийг дуудуулахаар сандрал байхгүй болоод их омогшдог. Таван наснаасаа хойш бөхөөр хичээллэсэн. Тэмцээн дээр ижил жинтэй ч надаас өндөр хүүхэд тааралдвал бага зэрэг сүрддэг ч дэвжээн дээр гарахаараа сандралгүй хэвийн болчихдог. Бие биенээ хүндэтгэж, ёс суртахуун, сахилга баттай байхыг багш нар болон аав, ээжүүд захидаг. Бид ч хичээж яваа. Энэ боломжийг ашиглаад давсан ч, унасан ч ар талд минь баттай зогсож, үргэлж дэмжиж байдаг хайрт аав, ээжүүд, гэр бүлийнхэн, багш Ц.Уламбаяртаа маш их талархаж явдгаа бидний зүгээс илэрхийлье гэлээ.
Архангай медиа группийн Хангай сум дахь сурвалжлагч П.Баттулга