СЭТГЭЛИЙН НАРТАЙ НОМЫН САДАН
1985 онд УБДС-ийг монгол хэлний багш мэргэжлээр төгсөж, Архангай аймгийн Хотонт суманд томилогдон 16 жил ажиллаад Орхон аймагт шилжин багшилсан ба боловсролын салбарт 33 жил хөдөлмөрлөжээ. Энэ хугацаанд 8-р ангийг таван удаа, 10-р ангийг гурван удаа, 11-р ангийг хоёр удаа даан авч төгсгөсөн, дадлага туршлагатай, тэргүүний, ахмад багш юм.
Багшийн бүтээлч ажлаас дурьдвал:
“Монголын нууц товчоо” Уран зохиолын дурсгал мөн агуулга бүхий сургалтын иж бүрдэл кабинет байгуулж, аймгийн үлгэр жишээ кабинетын аттестатчлалын санд бүртгэгдсэн. Өсвөрийн сурвалжлагч дугуйлан ажиллуулж шилдэг багш, сурагчид, ажилчдыг алдаршуулан сурталчлах ажлыг зохион байгуулж, шилдэг илтгэгчдийг бэлтгэсэн. Сургуулийн хэмжээнд “Монгол бахархлын булан” ажиллуулж, Их эзэн Чингис хааны зарлиг сургаалаас болон монгол бичгийн цуврал зөвлөмж гаргаж, багш сурагчдын хүртээл болгон ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Түүнийг “Чадварлаг, сайхан бичигтэн“ гэж багш, шавь нар бүгд л хүлээн зөвшөөрч сайшаадаг ба одоо ч нүдэнд харагддаг шүү гэж ярьцгаадаг.
Нэг ч хүүхдийг хоцрогдолгүй сургах сургалтын арга зүй боловсруулж, шүлгээр хүүхэд бүрийг хөгжүүлэхэд бусад мэргэжлийн багш нартай хамтран багц мэдлэг олгох интеграци хичээлийн арга зүй боловсруулж, аймгийн бүх сургуулийн багш нарт үзүүлэх хичээл зааж, туршлагаа нэвтрүүлсэн. Багш нарын ур чадварын уралдаанд аймагт II-р байр эзэлж байсан.
Уран зохиол бол амьдралын сурах бичиг гэсэн уриан дор ном унших, хэл яриаг хөгжүүлэх, уран сэтгэх чадвартай болгоход анхаарч ажилласны үр дүнд БСШУЯ-ны нэрэмжит Д.Нацагдорж тэмдэгтэн, аймгийн тэргүүний уншигч шагналтан сурагч олныг төрүүлж, номын далайд умбуулжээ. Даасан ангитайгаа ажиллах арга барил туршлага нь үнэлэгдэж, телевизээр сурталчлагдаж, олон ч багш нарын түүчээ болж, туршлага нь олон нийтийн хүртээл болсон. Богино өгүүллэг, шүлэг уран унших уралдаанд шавь нар нь аймагт I,II байранд орж байсан гээд түүний амжилтын жагсаалт хөвөрнө.
Тэрээр масс сургалтаар сурагчдыг хоцрогдолгүй сургаж, олимпиад уралдаан тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулж, сургууль, аймаг, улсад тодорхой амжилт гаргадаг арга барилтай багш юм. Тухайлбал, Монгол бичгийн масс олимпиадад аймагт II, III байр, монгол хэлний улсын олимпиадын 3-ын даваанд ангиараа I-р байр эзэлж, аймгийн аварга ангиар шалгарсан байна.
Даасан ангийн сурагчдын хөгжил төлөвшилд онцгой анхаарч ажилладаг бөгөөд авьяас чадварыг судлан дэмжих, цааш нь хөгжүүлж алдаршуулахад онцгой анхаарч ажиллаж байжээ. Иймээс даасан анги нь сургууль, аймгийн аварга, оны шилдэг анги, сургуулийн соёлч, спортын шилдэг, аймгийн шилдэг, номч ангиар олон удаа шалгарч тэргүүлж байсан ажээ.
Багшийн хөдөлмөр зүтгэл нь ажил мэргэжлийн аварга багш, сургуулийн хөдөлмөрийн аварга, оны онцлох амжилтын эзэн, шилдэг багш, аймгийн аварга багш, хүүхдийн төлөө медаль, БСШУЯ-ны “Жуух бичиг”, БТА цол тэмдэг, Есөн эрдэнэ медаль, Монголын шилдэг багш хүндэт тэмдэг, Номын садан багш өргөмжлөл, Төрийн дээд Алтангадас одон зэрэг шагнал хүндэтгэлд шингэсэн ажгуу.
Шавь нарынхаа дотно туслагч, хүндэлдэг, хайртай хүмүүн болсон Т.Уранчимэг багшийн үеийн багш нарт чадахгүй зүйл үгүй. Хөгжим бүрийг тоглож чаддаг авьяаслаг энэ багш тухайн үед урлаг соёлын бүхий л ажилд оролцохын зэрэгцээ хөгжмийн дугуйлан ажиллуулж, хамтлаг хүртэл гаргаж байсан нь саяхан. Дугуйлангийн шавь нараас хөгжим тоглох авьяасгүй намайг чи сурна гэж итгэл өгч зааж сургасан, жинхэнэ багш даа гэж бахархан дурсах нь ч бий.
Тэрээр: Хүүхдийн хөгжих ба нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, унаган авьяас чадварыг нээн хөгжүүлж, тэдний давуу тал ололт амжилтыг дэмжин алдаршуулах, өөртөө итгэх итгэлийг бий болгосноор тэдний сэтгэл, энерги нар шиг гэрэлтүүлдэг юм билээ. Багшийн мэргэжил үнэхээр гайхамшигтай, хүүхдүүдийн инээд баясал, дуу хоолой, элч энергиэр цэнэглэгдсэн сургууль хэмээх сайхан орчноос амьдрал ахуй минь өөдлөн дэвжиж, өдийд ирлээ. Эх нутаг, эцэг эх, эрдмийн гарааг эхлүүлсэн багш гурван бол эгнэшгүй, мартагдашгүй эрдэнэ билээ.
Хүн бүхэн багштай
Багш бүхэн шавьтай
Багш шавийн барилдлага гэгч
Нэгэн биеийн санаанд үүрд хоногших төдийгүй
Насан залуугийн хиймрийг сэргээж
Ухаан бодлын шандсыг тэлэх
Өгөөмөр тавилантай нандин холбоо хэлхээ
Хойч үеийнхэнд ухаарал гэгээрлийг хайрладаг, ач буянтай, алдар гавьяатай багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.
1963 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн тэрээр З.Соронзонболдтой гэр бүл болж, 30 гаруй жил ханилж, үр ачаа тойруулсан өнөр өтгөн өрх төдийгүй, Орхон аймгийн “Манлай гэр бүл” болж байв.
Багш таны суу алдар шавь нараар тань улбаалан зуун дамжин орших буюу.
Архангай медиа группийн Хотонт сум дахь сурвалжлагч И.БҮЗМАА